Тухайлбал, эрэгтэйчүүдийн -60 кг-д ХХЕГ-ын "Хилчин” спорт хорооны тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин "В” хэсгийг тэргүүлэн барилдсан. Эхний тойрогтоо олимп, дэлхийн хүрэл, энэ оны Азийн наадмын аварга Узбекистаны Диёрбек Урозбоевтой учраа таарсан ч өрсөлдөгч нь жингээ тааруулж чадаагүй тул тэмцээнээс хасагджээ. Ийн Д.Амартүвшин гавьяат шууд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алберт Огузовтой учраа таарсан. Манай жүдоч Алберт Огузовыг 50 секундэд цэвэр ялж, улмаар хагас шигшээд Гүржийн Амиран Папиниашвилитэй хүч үзэн нэмэлт цагт ялагдсан. Д.Амартүвшин гавьяат хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Эрик Такабатакег хутгах мэхээрээ ялж, "Мастерс”-аас гурав дахь, IJF-ийн дэлхийн цувралаас 11 дэх хүрэл медалиа хүртлээ.
Харин -66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх эхний тойрогтоо "Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Ерлан Серикжановтой хүч үзэж цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн Даниэль Каргнинд нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм. Тэрбээр энэ онд дараалан таван тэмцээнд тавдугаар байр эзлэсэн бөгөөд "Мастерс"-д өндөр амжилт гаргадаг -66 жингийнхний медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан юм
Тус тэмцээний сүүлийн өдөр Монголын хүнд жингийн бөхчүүдээс -100 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Империал гоулд майнинг" компанийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртжээ. Тэрээр эхний тойрогт "Баку-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Нияз Илясовыг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Азийн наадмын аварга Кентаро Ийдаг вазаригаар, хагас шигшээд Египтийн Рамадан Дарвишийг нэмэлт цагт вазаригаар буулгаж авчээ. Харамсалтай нь Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд хавиргандаа бэртэл авснаар финалд барилдах боломжгүй болжээ. Тэрбээр хагас шигшээд бэртэлтэй барилдсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, ялалт байгууж чадсан юм.
Б.Зулсар