Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, Монгол-Туркийн хамтарсан "Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан тухай мэдээллээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд түүнийг монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан" гэв.
Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэрэг нууцын зэрэглэлд хуулийн байгууллагад шалгагдаж байна гэснээс өөр мэдээлэл байхгүй байсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж гэр бүлийн хамт нутаг буцжээ.
Энд сонирхуулахад, өнгөрөгч аравдугаар сард Вэйсел Акчай Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байсан юм. Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг аж. Тодруулбал, Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг боловч тэрбээр шийдвэрээсээ буцаж ийнхүү нутаг буцсан байна.