УИХ-ын өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын хоёрдугаарт "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтжээ.
Төрийн өмчийг хувьчлах асуудлыг даваа гарагт бүлгийн хуралдаанууд дээрээ ярилцаад Нийгмийн салбарын хувьчлалыг болиулахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхэдээ "УИХ-аар Өмч хувьчлалын асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой заалтууд дээр санал нэгдэхгүй байсныг ярьж байгаад нийгмийн салбар буюу эмнэлэг, сургуулийн менежмэнтийн хувьчлалын асуудлыг тогтоолоос хасах нь зүйтэй юм аа гэсэн шийдэлд хүрч, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн" гэсэн юм.
Гэвч тэд байнгын хорооны хуралд дээр ярьсан хэлсэн зүйлээсээ эсрэг санал өгч Төрийн өмчийн хувьчлалын тухай хуулийн төслийг чуулганаар анхын хэлэлцүүлгийг хийхээр шийдвэрлэсэн байна.
МАН-ын гишүүд ажлын хэсэг байгуулаад, зарим зүйл заалтыг нь эсэргүүцээд байгаа нь учиртай. г хуулийн төсөлд нийт 20 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжихаар төлөвлөжээ. Эдгээрт дулааны цахилгаан станцууд, Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Хөтөлийн цемент шохой гэх зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг багтаажээ.
Үүнээс гадна уг хуулийн төслийн хамгийн ноцтой хэсэг нь нийгмийн салбарын хувьчлал юм. Уг хуулийн 4.2-т үүнийг Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн нэрээр оруулж өгчээ. Энд юу гэж заасан бэ гэвэл "Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно гэж заажээ.Нийгмийн салбарын төрийн өмчит байгууллагууд Монголд цөөхөн хэдхэн байдаг. Үүнд:
- Нэгдүгээр эмнэлэг
- Хоёрдугаар эмнэлэг
- Гуравдугаар эмнэлэг
- Халдварт судлалын үндэсний төв
- Хавдар судлалын үндэсний төв
- МУИС
- ШУТИС
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн сургууль
- Төрийн өмчит коллежүүд
Хуулийн төслийг анх өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд битүүний өдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тэр цагаас хойш бүтэн дөрвөн сарын турш анхны хэлэлцүүлэгт бэлэн болсон хуулийн төслийг чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. Харин гэнэт өнгөрсөн хоёрдахь өдөр анхны хэлэлцүүлгийг хийчихлээ. Тэр тусмаа ард түмнээ уландаа гишгиж хийлээ. Яагаад гэвэл ердөө нэг хоногийн өмнө бүлгийн хурлаар хэлэлцээд нийгмийн салбарын хувьчлалыг бүр мөсөн авч хаяхаар шийдлээ гэж бүлгийн дарга нь Б.Гарамгайбаатар гишүүн олон нийтийн өмнө мэдэгдсэн. Харин маргааш нь алга урвуулахын төдийд олонхоороо хүч түрэн бүхлээр нь баталсан байна.
АН-ынхан өмч хувьчлалыг завхруулдагаараа алдартай. 90-ээд онд хийсэн өмч хувьчлал нь маш муу болсон. Хэдхэн хүмүүсийн эрх ашгийг хангах төдийл зүйл болсон. Үүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ удаа ч гэсэн "булхайтай" зүйл хийхээр төлөвлөөд эхэлсэн бололтой.
Тэдний тактик одоогийн байдлаар маш амжилттай хэрэгжиж байна. Хэлэлцэх эсэхийг нь хэний ч анхааралд оруулахгүйгээр битүүний өдөр хүмүүсийг бууз, банш болж байхад шийдсэн. Харин дараа, дараагийн хэлэлцүүлэг болон батлах үйл явцаа наадмын өмнөх өдөр буюу иргэдийг морь, бөх яриад налайж байхад хийхээр төлөвлөжээ.
Дээрх нийгмийн салбарын өмчийг менежментийн хувьчлалд оруулснаар сургалтын төлбөр нь жилээс жилд нэмэгддэг байсан улсын сургуулийн төлбөр дийлдэхээ болино. Хавдар, халдварт зэрэг томоохон эмнэлэгүүдийн хагалгаа, мэс заслын үнэ "тэнгэрт" гарна гэсэн үг. Хувийн өмч бол хувийн өмч. Худалдаж авсан хүн өөрийн хүссэн үнэ ханшаа тогтоох нь ойлгомжтой.
Уг хуулийн төслийг өнөөдөр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.