УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд баталжээ. Үүний дараагаар 2002 онд уг хуулийг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр :
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, "Байнгын хорооны хуралдааны үеэр прокурорын байгууллагын ажилтнуудын цалин хангамжийн асуудал хөндөгдсөн. Өнөөгийн нөхцөлд шүүхийнхний цалин нэлээд өндөр байдаг. Прокурорын цалин хангамжийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Энэ талын асуудал хуулинд яаж суусан бэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, "Прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн хангамжийн асуудалд УИХ анхаарал хандуулахыг хүсч байна. Нэг салбарынхны цалин хөлсөн дээр ялгаварлаж өрсөлдүүлэх байгаа юм биш. Гэхдээ энэ бол бодлогын алдаа. Өмнө нь хүчний байгууллагынхны цалин хөлс, боловсон хүчний бодлого дээр тэнцвэртэй бодлого барьж ирсэн байдаг.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, -Хууль хэлэлцэхийг дэмжиж байна. Мөн прокурорын цалинг нэмэхийг ч дэмжиж байна. Өнөөдөр хэдэн прокурор ажиллаж байна вэ, хууль баталснаар энэ тоонд өөрчлөлт орох уу, хүйсийн харьцаа, боловсролын түвшин ямар байна вэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав,”Өнөөгийн түвшинд 460 орчим прокурор ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар прокурорын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс ирэх жил энэ тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа”
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, "Хүйсийн харьцааны хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд. Өмнө нь 90 хувь нь эмэгтэйчүүд байсан. Сүүлийн жилүүдэд хүйсийн хувьд тэнцвэржүүлэх бодлого барьж ажиллаж байна. Үүний үр дүнд 30 хувь нь эрэгтэйчүүд болсон. Боловсролын асуудалд анхаарч ажиллаж байна. Удахгүй Францын мэргэжилтнүүд ирж сургалт явуулна. Цаашид прокуроруудыг гуравдагч орнуудад магистр хамгаалуулна.”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, -Хуулийн өөрчлөлттэй холбоотой прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байгуулах гэж байна гэсэн хардлага байна. Би сайн уншлаа. Ийм алба байгуулахгүй юм байна гэж ойлголоо. Үүнд хариулт өгөөрэй. Нийтийн өмчийн байшин барилга үрэгдчихээд байхад прокурор чимээгүй байсаар байгаа. Энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаарай. Эвлэрүүлэн зуучлахаар ял завших боломжийг олгоод байна уу, энэ талаар судална биз?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, "Мөрдөх байцаах албыг байгуулахгүй. Нийтийн эрх ашгийг хамгаалах тал дээр хуулинд тусгаж, хэрхэн яаж энэ эрх ашгийг хамгаалах вэ гэдгийг зааж өгсөн. Эвлэрлийн зуучлал ял завшуулж байгаа асуудал бий. Цаашид үүн дээр анхаарч ажиллана” хэмээн хариуллаа. Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж байна.