|

“Буянт Хангай” модны нэгдсэн зах ажиллаж байна

bayaraa 2015/01/09 4234 194
“Буянт Хангай” модны нэгдсэн зах ажиллаж байна  Эрдэнэт хот гэр хорооллын иргэдийн түлээний хэрэглээ өндөрт тооцогддог. Гэсэн хэдий ч хэрэглээний түлээ бэлтгэх ойн сангийн нөөц байхгүйн улмаас зэргэлдээх сумдаас бэлтгэсэн түлээг худалдан авч хэрэглэдэг байсан. Түлээ худалдаалах цэгүүдийн хувьд хорооллын эцсийн Өндөр Буурал, болон Орхон сумын түлээ худалдаалах цэг үйл ажиллагаагаа явуулж байсан боловч байрлал болоод иргэдэд хүрч үйлчлэх тал дээр учир дутагдалтай байснаас нэгдсэн захыг ажиллуулах шаардлагатай гэж үзжээ.

Тодруулбал хорооллын эцэст байрлаж байсан түлээний цэг нь зориулалтын бус хашаанд байрлаж байснаас гадна замын хөдөлгөөний ачаалал үүсч аваар осол гарах магадлал өндөртэй байдаг гэсэн иргэдийн гомдол тасардаггүй байжээ. Тиймээс Баян-Өндөр сумын засаг даргын захирамжийн дагуу түлээ түлшний нэгдсэн цэг байгуулах боломжтой газрыг сонгон авч Буянт Хангай модны захыг ажиллуулж байна.

Буянт Хангай модны зах нээгдсэнээр өмнө түлээ худалдаалж байсан модны цэгүүд татан буугдсан гэж ойлгож болох бөгөөд хэрэглэгчид Их залуу багт байрлах түлээний төвлөрсөн захаас түлээ болоод нүүрс шахмал түлшнийхээ хэрэгцээг хангах болж байгаа аж. Түлээний үнийн хувьд цагаан сарын баяр ойртож байгаатай холбоотойгоор харьцангуй хямдарч байгааг хэлж байна.

Тодруулбал нэг портерт 4-5 куб мод ачигддаг бөгөөд Буянт хангай модны зах дээр портер мод 200,000 болон түүнээс доош үнээр худалдаалагдаж байгаа аж. Манай аймагт одоогоор ихэвчлэн Булган аймгийн Орхон, Сэлэнгэ зэрэг сумдаас бэлтгэсэн түлээ худалдаалагдаж байгаа бөгөөд Хангал болон, Ингэт зэрэг сумдаас манай суманд түлээ худалдаалах хүсэлтийг ирүүлээд байгаа юм байна. Цаашид эрдэнэтчүүдийн түлээний хэрэглээг дээрх сумдаас хангах боломжтой гэж үзвэл Говил багт түлээний зах нээх боломж байгааг албаны хүн хэлж байна.
эх сурвалж: erdenetinfo.mn сэтгүүлч: Цэнд-Аюуш
 

“Буянт Хангай” модны нэгдсэн зах ажиллаж байна

Санал болгох

Сэтгэгдэл

top