|

Уушгины хатгаа гэж юу вэ?

namuunaa 2015/09/15 208700 7270

 Уушгинд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг бүлэг өвчнийг уушигны үрэвсэл, уушигны хатгаа, хатгаа гэж нэрлэдэг.  Уушигны үрэвслийг пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар зэрэг нян, А, В, С томууны вирус,   эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөр -үүд үүсгэдэг.
Ерөнхий
Эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөрүүд үүсгэдэг. Улмаар өвчин үүсгэгчээсээ шалтгаалаад өвчний явц нь ялгаатай байдаг. Жишээлэхэд, стафилококкоор үүсгэгдсэн хатгаа нь маш хүнд байдаг. Цаашлаад, өвчин үүсгэгчийг дарж,  аюулгүй болгох антибиотикуудын сонголт ч өөр байна.
Шалтгаан
Уушгины үрэвсэл нь хүнд халдварлана гэж бараг байдаггүй бөгөөд явц ямаршуу байх нь гол төлөв тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Гэвч сүүлийн үеийн шинжилгээгээр томууны вирус нь хатгааны бактерд өртөмтгий болгодгийг тогтоосон байдаг. Ийм ч болохоор томуу дараа уушгины үрэвсэл үүсэх аюул нь ямагт өндөр байдаг.
Дараах төрлийн хүмүүс нь уушигны хатгаа тусах магадлал өндөртэйд тооцогддог, үүнд:
• Өндөр настай
• Уушгины архаг өвчин, чихрийн шижин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, зүрх судасны өвчтэй
• Мэс заслын хийлгээд удаагүй байгаа, биеийн эсэргүүцэл нь суларсан.
Явц
Уушигны рентген зураг дээр харласан хэсгүүд гарах нь үрэвсэл үүссэнийг харуулдаг. Антибиотикуудын зохиохоос өмнө уушигны хатгаа нь үхэлд нь хүргэх нь цөөнгүй байсан бөгөөд АНУ-д 1920-1930 онуудад хамгийн олон хүний амийг авч одсон аймшигтай өвчнөөр тодорч байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд оношлогооны илүү сайн арга, олон төрлийн үйлчилгээтэй антибиотикуудтай болсон тул уушигны үрэвслээр нас барах нь цөөрсөн. Харамсалтай нь уушигны хатгаа гэж оношлогдсон нэг хүний цаана оношлогдоогүй хэд хэдэн хүн байж байдаг гэсэн судалгаа байдаг. Уушигины үрэвсэл үүсгэгчид нь олон янз байдаг талаар дээр өгүүлсэн. Гэвч өвчин үүсгэгчээсээ үл хамаараад үрэвслийн үед уушигны агаараар дүүргэгдэг эдүүд нь гэмтдэг. Үүнээс үүдэн агаараар орж ирж байгаа хүчил төрөгч нь цусанд хангалттай шингэж чадахаа байдаг.
Шинж тэмдэг
Дараахь шинж тэмдэг нь уушигны үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг, үүнд:

• Огцом өндөр халуурах, чичрүүдэс хүрэх,
• Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугын үеэр ахин гэнэт огцом халуурах
• Хамрын ханиад туусан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
• Идээ, эсвэл цустай цэр -ээр ханиалгах
• Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
• Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
• Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.
Оношлогоо
Цэр, гуурсан хоолойг дурандах үед авсан салст зэргийг шинжлэн үрэвсэл үүсгэгчийг тогтооно.
Уушгийг чагнах, тогшиж үзэх нь үрэвслийн оношлогоонд заавал ашиглагддаг. Үүнээс гадна рентген зураг, флюрографи заавал хийхээс гадна шаардлагатай үед гуурсан хоолойг дурандана.
Эмчилгээ
Юуны өмнө уушигны үрэвсэл, уушигны хатгаа гэсэн оношийг зөвхөн дотрын эмч, эсвэл уушигны эмч л тавьдаг гэдгийг анхаарч, өөрөө өөртөө онош тавьж, элдэв эм тариа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Улмаар эмчилгээг эмнэлэгт, эсвэл гэрээр хийх эсэхийг мөн л зөвхөн эмч л шийднэ.
Эмчилгээг гэрээр хийхээр болсон тохиолдолд тасалгааг байнга салхилуулж, шинэ агаар оруулж байх хэрэгтэй. Эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхорох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог. Үүнээс гадна хордлого тайлахын тулд хоногт 2,5-3 литр шингэн ууж, анис шүүс, нохойн хошууны ханд ууж биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй.

Уушигны хатгаа нь цээжний гялтан хальсны үрэвсэл, идээт процессээр хүндэрсэн үед эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг тул тэвчээртэй байх хэрэгтэй. Дутуу эмчилсэн хатгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.

Санал болгох

Сэтгэгдэл

top