|

17 аймгийн 157 суманд тарваган тахлын голомт бүртгэгдээд байна

namuunaa 2015/08/19 1408 0
 -ТАРВАГАН ТАХАЛ АМЬСГАЛЫН ЗАМААР Ч ХАЛДАНА-

 Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа ажээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдол бүртгэгдэж байжээ.

2015 он гарсаар Ховд, Хөвсгөл аймагт тарваган тахал өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдээд буй юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байгааг албаныхан анхааруулж, түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иргэдийн хувьд сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй аж.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Тарваган тахал өвчний голомт идэвхижиж байгаатай холбогдуулан Зооноз өвчин судлалын үндэсний төвд урьдчилан сэргийлэх тарилгыг үнэ төлбөргүй хийж байгаа аж.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.

Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Халдвар хэрхэн дамжих вэ?

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.


Сэргийлэлт

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах

2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх

4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.

5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах

6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх

7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх

8. Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших

9. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх

10. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх  вакцинд хамруулах шаардлагатай юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top