|

Хүний амиар дэнссэн “7 сарын 1”

namuunaa 2015/07/01 708 0

Ардчиллын түүхэнд хар толбо үлдээсэн "7 сарын 1”-ний хэрэг долоон жилийн өмнөх энэ өдөр гарч байлаа. Энэ өдрийг санах бүрт зарим иргэдийн, тэр дундаа нийслэлчүүдийн нуруу хүйт оргиж, жихүүдэс төрдөг биз. Олныг үймээн самуунд турхиран, уур хилэнгээ багтааж ядтал улангасан дайрах бухимдлыг өдөөж, таван хүний амийг авч  одсон "7 сарын 1”-ний хэрэг хуучраагүй байна. Сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ялсан намыг санал луйвардсан гэж жөтөөрхсөн улстөрчдийн бухимдал олныг ийн үймээнд турхирснаар энгийн иргэд хохирогч болсон. Гэхдээ нэг нь луйвардаж, нөгөө нь луйвардуулсан эсэх нотолгоо өнөө  ч гараагүй. Тайван жагсаал цуглаан үймээнээр үргэлжилж, эрдэнэт хүний аминд хүрсэн гэмт хэргийн үйлдлээр өндөрлөнө гэж хэн ч санаагүй биз.

 

Тухайн үед 900 гаруй иргэн баривчлагдаж, зарим залуус ял авсан билээ. Харин 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 7 сарын 1-ны өдрийн үймээнд оролцсон хэргээр ял эдэлж байсан 11 хүүхэд, 2 эмэгтэйд өршөөл үзүүлж, сулласан юмдаг. Цаашлаад тухайн үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял шүүхээс авсан.

 

Ер нь тэр өдрийн үйл явдлыг телевизээр хараад сонирхогчийн журмаар иргэд олноор МАХН /МАН/-ын байрны өмнө цугласан гэдэг. Түүнээс бус сонгуульд ялагдсан, ялсан нам, нэр дэвшигчийг дэмжих, эсэргүүцэх аль нэг улс төрийн зорилго агуулаагүй. Харин тухайн үед нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй төр, засагт бухимдсан иргэд үгээ, байр сууриа илэрхийлж байсан нь харагддаг. Тухайн өдөр Ц.Элбэгдорж олон нийтэд хандаж мэдэгдэл гаргаагүй бол, Буян Жагаа, О.Магнай, Ж.Батзандан нар Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатарын талбай хүртэл жагсаал зохион байгуулаагүй бол, МАХН /МАН/-ын дарга С.Баяр намын байрныхаа өмнө гараад ирсэн бол байраа шатаалгаж, олон нийтийг гэмтээж, хүний аминд хүрэхгүй байсан гээд л олон таамаглал гаргадаг.

 

Тушаалаар үүрэг гүйцэтгэсэн зарим хүн яллуулсныг эс тооцвол хариуцлага үүрье гээд улстөрчийн байтугай иргэний зориг гаргасан эрхэм байгаагүй. "Үхсэний хохь, амьдын зол” гэгч болсон. Харин тэр "хар өдөр”-ийн дараахан сонгуулийн дүндээ шөргөөцөлдөөд байсан хоёр нам төр, засгийн эрхийг хамтарч барих тохироонд хүрч, нэг нь санал тавин гуйж, нөгөө нь алгаа тосон найрсгаар хүлээж авсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, хүний, сонгогчдын амиар дэнссэн улс төрийн хамтрал байлаа.

 

"7 сарын 1”-ний энэ эмгэнэлт хэргээс хойш иргэд энд тэндхийн жагсаал цуглаанаас холуур, аль болох зайгаа барьдаг болсон санагддаг. Дээрх үйл явдлын дараахан микроавтобусанд зэрэгцэн суусан хоёр залуугийн яриаг санаандгүй сонссон юм. "Танай ангийн З хичээлдээ ирээгүй харагдсан. Тэгсэн "7 сарын 1”-ний хэргээр шалгагдаж байгаа сураг дуулдсан. Үнэн үү” хэмээн нэг нь асуухад нөгөөх нь "Тэр үед АН-ын сонгуулийн сурталчилгаанд оролцож, "Том ах намайг ингэ гэсэн, ах дуудаж байна” гээд л хөвсөлзөөд гүйгээд байсан юм. Ер нь тэрнийг цаад хүн нь таньж ч байгаа юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ” өөрөө л савсагнаж гүйгээд хэрэгт орчихсон. Одоо сургуулиа ч төгсөж чадахгүй шалгагдан ял авч хохирч байна” хэмээн шалгагдаж байгаа ангийн анддаа зэмлэнгүй хандлагатай ярина лээ. Энэ мэтчлэн зарим залуус шалгагдаж, ял авч, дараагаар нь өршөөлд хамрагдсанаас үүдээд эцэг эхчүүд үр хүүхдүүддээ ч хүмүүс олноор цугласан газар, улс төрийн жагсаалд оролцохгүй байхыг аминчлан захих нь ихэссэн.

 

Төр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь хэдэн төгрөг л гаргаж өгснөөс жинхэнэ гэмт хэрэгтнийг олж, хариуцлага хүлээлгээгүй. Тиймээс таван хүний амиар дэнчин тавьсан энэ хэрэг өнөө ч хуучраагүй, хуучрах ч үгүй.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top