Ерөнхийлөгч Х.Баттулга бараг тулгалтын байдалтайгаар олон түмний нүдэн дээр, Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд иргэн Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт, Тавантолгойн ордтой холбоотой 178 хуудас материалыг гардуулсан.Экс Ерөнхийлөгчийг шалгах хүсэлтийг хүлээж авсан Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан "Жаа” гэж бөхөлзөөгүй. "Баярлалаа. Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгний хэлсэн энэ гэмт хэрэг гэж ярихаар нь бид нар тэрийг гэмт хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр бид нар тэр хүнийг буруугаар ингэж татдаг ийм асуудал миний үед гарахгүй. Би хэн нэг хүнийг хэлмэгдүүлж чадахгүй. Хэн нэг хүнийг хариуцлагаас мултлахгүй” гээд Ерөнхийлөгчөөс илүү алга ташуулаад босоод явчихсан юм.
Энэ бол 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байв. Үүнээс хойш 26 хоногийн дараа АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж, өнөөх нь ч дуудмагц нь олон нийтэд мэдээлчихээд зангиагаа засч, гутлаа тосолж аваад харайлгаад очжээ. Тэрбээр АТГ-т тайлбар өгчихөөд хашааны гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Дуудсан цагт нь ирж шаардлагатай тайлбар, мэдүүлгийг өгөх болно. Хуулиас зугтах шаардлага надад байхгүй” гэсэн. Ер нь Ерөнхийлөгчийн баримт гээд байгаа 178 хуудас материалыг ил болгочих гээд хүсээд байгаагаас ч харсан тэр зугтахгүй байж мэдэх юм.
Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нийгмийн идэвхтэй залуус, идэвхтэй жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцаж билээ. Тэгэхэд түүнийг шүүгчийг томилдог гэх асуулт олноор ирж байв. Тэр хариулахдаа "Шүүгч шийтгэл өгөхөөр намайг шийтгэж байна гэдэг. Одоо цаг өөр болсон. ШЕЗ гэж байгууллага бий болсон. Шүүхийн бие даасан байдлыг хангахад Ерөнхийлөгч та үүрэгтэй шүү гэж байгаа юм. Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог. Ерөнхий прокурорыг би томилоод байдаггүй юм. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Наад улсууд чинь улам мэргэжиж байгаа улс. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй” гэж билээ. Тиймээс Ц.Элбэгдорж шүүхэд итгэлтэй байгаа нь лавтай.
"Ц.Элбэгдоржийн оймс гозолзох нь” гэж сонирхох баярлах, адгах хүн цөөнгүй байгаа байх аа. Харин энэ дүйвээнээр нэг л хүн мултарчих гээд байгаа юм. Тэр бол МАН, АН-ын аль алинтай бизнесийн эрх ашгаар гүн гүнзгий холбоотой, албан тушаалын томилгоог хэний ч Засгийн газрын үед шийдвэрлэгч одоогийн яриад "60 тэрбумын схем” гэгчийг хэдэн тэрбумаар нь зохион байгуулагч, МАНАН бүлгийн хамгийн гол толгойлогч төртэй холбоотой бүхий л хувьчлалын нууц ноёнтон Т.Бадамжунай юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд хандивладаг мөнгийг нэр дэвшигчид биш түүнд аваачиж өгсөн олон хүн бий. Тэд хэзээ ч дуугарахгүй биз ээ. Учир нь хууль Т.Бадамжунайд үйлчлэхгүй олон жилийг элээжээ. Харин гэмт хэрэг бүхэн эдийн засгийн ул мөр үлдээдэг гэдэгчлэн бидний огт анзааралгүй өнгөрсөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улаанбуудайн худалдаа түүний орлогыг өдий жил зузаатгасаар ирсэн. Энэ бүхний араас чинээнд нь тултал эрэн сурвалжлах бүрт ном болохуйц зузаан материал хэдийнэ бүрдсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн өгөх цаг болжээ. Холбогдох гэрчүүд нь амьд сэрүүн байгаа дээр, Т.Бадамжунай хил даван зугтахаар завдаад бүтэлгүйтээд "ороод ирсэн” дээр нь одоо шалгах цаг нэгэнт иржээ.
Зугтахгүй гэсэн Ц.Элбэгдоржийг бус зугтахаар завдсан Т.Бадамжунайг бариад аваач. Нэр бүхий банкуудад хууль бусаар өгөгдсөн үүрэг, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, "сахал” хочит үл үзэгдэгч Д.Эрдэнэбилэгээс эхлээд олон ээдрээний учгийг тайлах хүн бол тэр. Эгзэгтэй мөчид НИТХ-ын олонхийн саналыг авсан залууг одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж чадахгүй байгаа биз. Хэчнээн хэл аманд өртөж элдвээрээ хэлүүлсэн ч "Бадамжунайгийн” хүн гэгдэх сүүлийн 20 жилийн турш хотод бэлтгэгдсэн залуу чимээгүй сууж байгаад өрсөлдөхөөр боллоо. Эцсийн үр дүн нь ч бараг тодорхой. Энэ бол Т.Бадамжунай хэнтэй ч тохиролцож чаддагийн жишээ. Төрийн өмчийн хороонд газрын даргаар төрсөн охиноо томилуулж нэлээд тэссээр эцэст нь "татаж авсан” түүний "шарх аниагүй” байгаа нь тэр. Одоо Т.Бадамжунайтай "тохиролцдоггүй” цаг үе айсуй гэж найдаж байна. Гол нь түүнийг шалгах ёстой. Хуулийн өмнө дуудах ёстой. Үүнийг л шударга ёсны дэнс гэж үзье.
Нийтлэлч У.Оргилмаа