|

Ч.Сайханбилэг ээ, танхимын зарчим, соёлыг харуулж Засгийн газраа өөрөө тараачих!

namuunaa 2015/07/06 849 0

Дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлэг  хуралдан "МАН-ыг Засгийн газраас хөөх” шийдвэрийг дэмжлээ. Энэ бол намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн өгсөн даалгаврыг үг дуугүй биелүүлж буй явдал. Гэхдээ асуудлыг УИХ-аар шийдүүлэх хүртэл зай бий. Энэ хооронд Ерөнхий сайд юу хийж чадах вэ.

 

Тэрбээр гадаад айлчлалд явахынхаа өмнөхөн дээрх уур амьсгалыг мэдэрч, МАН-ын сайд нартайгаа ч уулзаж "Энэ бол хүссэн хуулиудаа батлуулах гэсэн шантааж. МАН-ын сайд нарыг огцруулна гэсэн яриа байхгүй. Үүн дээрээ тулбал би танхимтайгаа хамт зайлна” гэж хэлсэн удаатай аж.

Хэдийгээр өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон ч Ч.Сайханбилэг зургаан сайдаа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байсныг эх сурвалж хэлж байна.

Ч.Сайханбилэг зургаан сайдаа хамгаалснаар намаасаа хөөгдөхгүй. Харин танхимын улс төрийн нэг намын Гүйцэтгэх зөвлөл гэдэг байгууллага Гүйцэтгэх засаглалаар тоглосон нь зүй бус явдал. Хэрэв Ч.Сайханбилэг "Танхимын зарчим, танхимыг удирдах соёл Гүйцэтгэх засаглалын тэргүүнд байх ёстой” гээд Засгийн газрыг бүрмөсөн тараачихвал ирэх сонгуулиар түүн дээр сонгогчдын харц арай л өөрөөр тусах юм. Тэгээд ч мэдрэмжтэй удирдагчид бол эзгүй хойгуур нь танхимынх нь хэрэгт гар дүрж, "эвэр, туурай”-г нь арай ядан тэнцүүлж буй түүнийг хорлох мэт үйлдэл хийснийг эсэргүүцэх нь эрүүл үйлдэл. Төдийгөөс өдийг хүртэл олон ажил хийх гэж оролдсон, хийсэн бүтээсэн бүхэн чинь, баг чинь Таныг яах бол гэж ширтэж байна. Учир нь зургаан сайдаа сугалуулчихаад "сэг” дээрээс нь шинэ танхим төрүүлэх гэж байхаар хамт унах нь зөв алхам болно. Угаасаа "шинэчлэлийн” Засгийн газартай харьцуулахааргүй цэвэр ажиллах гэж хичээснийг нь олон нийт мэдэж буй. Яг одоо л тогтвортой ажиллаасай гээд "температураа тааруулаад” эхэлмэгц ингэж булгиулсан "төрийн дайсан”-уудтай цаашид хамт явах хэрэг байна уу.


Хөрөнгө оруулалт хүсэж яваад ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Намайг явсан хойгуур та нар хөндчихөөрэй. Би улаан нүүрийг нь харж байгаад хэлж чадахгүй” гэж арчаагүй загнасан гэхэд итгэхэд бэрх. Харин араараа тавиулсан гэвэл итгэж болох юм. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг эзгүйд АН-ын Гүйцэтгэх зөвлөл танхимаар нь тоглож буйгаас харахад Ерөнхий сайд хэн ч биш аж. Энэ нь "Ерөнхий сайд, АН-ын дарга биш байсантай холбоотой учраас...” гэж тайлбарлагдах ч Гүйцэтгэх зөвлөлийн дэмжлэггүйгээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд биш гэсэн давхар утгыг илэрхийлчихлээ. Иймд одоо Чимэдийн Сайханбилэг өөрийнхөө нэр хүндийг, тэргүүлж буй танхимынхаа эзэн болж чадах эсэхээ харуулах мөч ирээд байна. Хэн нэгний барьцаанд ажиллаж хэвээрээ үлдсэн нэртэй "шинэ хүүхдүүд өргөж авсан”-аас өөрөө өөртөө эзэн болж, танхимын удирдагч байснаа харуулаад өөрийн хүсэлтээр "Шийдлийн” Засгийн газрыг тараачихсан нь хамгийн зөв алхам биш гэж үү.

Санал болгох

Сэтгэгдэл

top