Иргэдийн дунд хүлээлт ихтэй байгаа асуудлын нэг бол түрээсийн орон сууц юм. Засгийн газрын захиалгаар Хөгжлийн банкны санхүүжилтээр "Очир ундраа” ХХК Орхон аймагт 315 айлын орон сууцыг барьж гадна тохижилтын ажил нь үлдээд байна.
Үүнийг иргэдэд хэрхэн түрээслэх, өмчлүүлэх тухай журмыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэд, хэдэн удаа хэлэлцүүлээд байна. Энэ сарын 31-нд хуралдсан Засаг даргын зөвлөлийнXIIхуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцлээ. Эцсийн шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх юм.
"Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”–ын төсөлд дурдсанаар, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт барьж буй 315 айлын орон сууцны тодорхой хувийг л иргэдэд түрээслүүлэх, өмчүүлэх юм. Учир нь уг барилгыг Засгийн газрын захиалгаар Хөгжлийн банкны санхүүжилтээр "Очир ундраа” ХХК барьсан тул Орхон аймаг улсад уг байрны тодорхой хувийг борлуулж түүнээс олсон орлогыг Хөгжлийн банкинд төвлөрүүлэх чиглэлийг өгсөн байна. Иймд Засгийн газар болон Хөгжлийн банкнаас ирэх шийдвэрийг Орхон аймгийн удирдлагууд хүлээж байна.
Хэдий тийм ч орон нутаг түрээслүүлэх, өмчлүүлэх журмаа боловсруулж иргэдээс санал асуулга авч олон нийтээр хэлэлцүүлээд байна. Урьдчилсан байдлаар түрээслэх байрны 23 хувийг залуу гэр бүлд, 25 хувийг төрийн албан хаагчдад, 15 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, 5 хувийг 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, 5 хувийг өрх толгойлсон эцэг, эхэд, 20 хувийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд, 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд гэж журмын төсөлд дурдсан байна.
Түрээслэх орон сууны байрны нэг м.кв талбайн үнэ 4500 төгрөг. Түрээсэлж амьдрах хугацаандаа өмчлөх сонирхолтой иргэд уг журмын дагуу түрээсийнхээ төлбөрийг төлөөд амьдрах хугацаандаа байрныхаа нийт үнийн дүнгээс өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрөө төлж болох ажээ. Энэ мэтчилэн иргэдийн боломж, нөхцөлд тохируулсан журам боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлэхээр боллоо.