Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу дээрх харилцааг зохицуулсан журмын боловсруулж яамдаас саналыг нь авахаар явуулсан. Энэ журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, НДШ төлөлт нь тасрахгүй. Сүүлийн хоёр сарын цалингийнх нь дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дураараа НДШ төлдөг иргэд үүнд мөн хамрагдана. Тэдний НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцож бичилт хийнэ. Бидний тооцоолж байгаагаар 600 гаруй мянган иргэн энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа" гэлээ.