|

Мяньмар улс олон улсаас тусламж хүслээ

namuunaa 2015/08/05 839 0

Борооны улирлаар орж  буй ширүүн борооны улмаас Мяньмар улс үерт автаад байгаа бөгөөд улс даяар онц байдал зарласан юм. Чин, Магвай, Сагайнг, Рахинэ дөрвөн дүүргийг үерийн аюултай бүс хэмээн зарлажээ.

Үерийн улмаас 46 хүн нас барсан бөгөөд 210 мянга гаруй хүн үерт автаад байгаа энэ үед тус улсын засгийн газар олон улсаас тусламж хүслээ.

 

Мяньмар улс олон улсаас тусламж хүслээ

 

Олон газар үерийн ус болон зам харгуйгаас болж хаагдаад байгаа юм.

Аадар бороо, ширүүн салхины улмаас үерийн байдалд хүрсэн бөгөөд Мяньмар улсын засгийн газар байгалийн давагдашгүй хүчний өмнө хүчин мөхөсдөж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.

Жил бүр борооны улирлаар аадар бороо орж үерлэдэг хэдий ч энэ жил гамшгийн байдалд хүрээд байгаа аж.

2008 онд тус улсад Наргис хуй салхины улмаас мөн онц байдал зарлаж 130 мянга гаруй хүн нас барсан боловч Мяньмарын засгийн газар  гадны тусламжаас татгалзсан юм.

Мэдээллийн яам өөрийн албан ёсны фейсбүүк хуудсандаа НҮБ болон бусад донор улсуудаас хүмүүнлэгийн тусламж хүссэн тухай мэдэгджээ.

НҮБ-н хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлагаас тус улсад туслах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс 47 мянга 800 гаруй хүнд хүнс хуваарилсан юм. Тус хөтөлбөрөөс 150 мянган хүнд хүрч ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Мяньмарын засгийн газраас 1.5 тэрбум мяньмар кяат буюу 1.2 сая долларыг яаралтай тусламжинд хуваарилсан байна.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top