ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /RT/. Таван жилийн өмнө гал түймэрт өртөж сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор Парист очно гэдгээ Д.Трамп олон нийтийн “TRUTH Social” сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.
"Таван жилийн өмнөх аймшигт түймрийн дараа бүрэн сэргээн засварласан гайхамшигт түүхтэй Эх дагинын сүмийн нээлтэд оролцохоор бямба гарагт Францын нийслэл Парис хотыг зорино гэдгээ зарлаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм" гэж Д.Трамп өөрийн хуудсанд бичсэн байна.
Тэрбээр уг барилгыг сэргээн засварлах талаар хийсэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлыг сайшаагаад, сүмийг нээх мөч нь "хүн бүрийн хувьд онцгой өдөр байх болно" хэмээн онцолжээ. Ёслолын ажиллагаанд 50 гаруй төрийн тэргүүн оролцох төлөвтэй байна гэж Парис хотын дарга Лоран Нуньес өмнө нь мэдээлжээ. Ёслол 12 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болох бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үг хэлнэ. Галд өртсөн сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана гэж амласнаа биелүүлснээрээ бахархаж буй Э.Макрон ёслолын ажиллагааг өөрийгөө "алдаршуулах мөч" болгохоор төлөвлөж байна гэж Францын хэвлэлүүдэд бичсэн байна.
Тэрбээр сүмийн дотор үг хэлэхээр төлөвлөж байсан боловч олон нийт түүнийг сүм ба эрх мэдлийг тусгаарлах тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжилсний дараа үүдний танхимд үг хэлэхээр болсон байна. Э.Макрон мөн 12 дугаар сарын 8-нд сүмд болох мөргөлд оролцохоор төлөвлөжээ.
12 дугаар сарын 7-ны өдрийн ёслолын үеэр шинэ тахилын ширээг ариусгах ёслол болно. Хүссэн хүн бүрийг оролцуулахын тулд энэхүү ёслолын ажиллагааг найман өдрийн турш зохион байгуулах ажээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд Парисын Эх дагинын сүм гал түймэрт өртсөний улмаас сүмийн 100 метр өндөр ганжир сүйдэж, тулгуур баганууд нь галд автан сүйрчээ. 800 гаруй хүн хэдэн цагийн турш тэмцэж түймрийг унтраасан юм. Уг сүмийн 800 жилийн настай царсан дүнзээр хийсэн дээврийн яс мод нь галд сүйдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг