|

5 триллионы эдийн засаг чин сэтгэл дээр тогтдог

namuunaa 2015/08/28 4067 1

Олон ажил сольж явсны эцэст супермаркетад касс бичих ажил дээр тогтож, эхлээд энгийн боловч ажлын техникээ бүрэн төгс эзэмших, улмаар хийж буй ажлынхаа сайн сайхан чанарыг нээж мэдсэн бүсгүйн тухай түүх нэг дурсамж сэдрээж, буулгахсан гэж санаж явсаар өнөөдрийг хүрэв.

 

Чин сэтгэл. Чин сэтгэлээсээ хандвал ямар ч ажил сайхан. ...ийм санаа агуулсан кассчин бүсгүйн түүх уншигчдын таашаалд нийцсэн нь цаанаа нэг чихэнд чимэгтэй, тэгсэн хэрнээ нэг л хүнд, нэг л хол сонсогдох энэ ойлголтоор нийгэм цангаж байгаагийн илрэл ч байж мэднэ.

"Чин сэтгэлээсээ хандвал ямар ч ажил сайхан"

Ингээд олныг цаашид эс өгүүлж, өөрийн бяцхан дурсамжаас сөхвөл:

2005 оны зун хоёрдугаар курсэд суралцаж байсан үе, эдийн засгийн сэтгэлгээний философи гэж хичээл авав. Багш нь манай сургуулийн үндсэн багш биш, гаднаас ирж заадаг профессор. Хамаг хошин шогчид нь төрөн гардаг баруун японоос гаралтай, 40 эргэм насны, нэлээн том биетэй, сахалтай,  манай сургуулийн том том нүдний шилтэй туранхай багш нарыг бодвол хаа хамаагүй хоёрдугаар сувгийн онигоо ч үе үе хичээл дундуураа яриад авдаг, ихэнх баруунчуудын адил Тоокёог муулах гэж үздэг нэлээн нахаалны нөхөр байв. Адам Смитээс эхлээд Шюмпэтр хүртэл эдийн засгийн сэтгэгчдийн тухай унаган шогийн мэдрэмжээ сүлжиж ирээд их гоё ярина(эдийн засгийн ухааны үндэс нь үнэхээр тэгшитгэл биш философи юм шиг санагддаг).  Харин тэр багш хийсвэр философи зааж байсан тусмаа бидэнд, үгүй ядахад надад их үнэ цэнэтэй нэг зүйл хэлж өгсөн юм:  Марксын тухай хичээл дээр байх  

"Та нар Тоодаи(манай сургуулийг тэнд ийн товчилно) төгсөөд автоматаар бүгд цагаан захтнууд болно.  Япон хэлээр бол "гэмба” буюу үйл явдал яг өрнөдөг газар, бодит ажил явагддаг талбарт ажиллаж үзэх, туршиж мэдэх шаанс одоо л оюутан байхад олдоно. Мөнгөний төлөө биш туршлага, хичээл гэдэг утгаар ажиллаж үзэцгээ. Тэгж байж намайг юу яриад байсныг, дараа нь удирдах ажил хийсэн ч тэрнийхээ утга учрыг ойлгох хараатай болно” 

гэж байна. Манай эх хэл ядуудаа биш түүх, эдийн засгийн онцлогоос хамаараад гэмба гэж үгийг яг орлох үг байхгүй. Иймд гадаад үг хэрэглэлээ гэж их шүүмжлүүлдэг ч энэ үгийг тэр хэвэнд нь хэрэглэе.

Хичээлээ л сайн хийх ёстой гэдэг хандлагад маань шинэ салхи үлээж, би гэр бүлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан ресторанд тогооч, Wendy’s  сүлжээ бургерийн газар касс, комбини буюу манайхаар бол найман нэрийн барааны сүлжээ дэлгүүрт касс гэсэн ажлуудыг нэг хоёр, нэг хоёр сар сэлгэн хийж үзэв. Цагаан малгай өмсөөд үйлчилгээний инээмсэглэл тодруулан  –Тавтай морил гэж чанга хоолойгоор их хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг Шибуягийн залууст үйлчилж зогссон хорин хэдтэй охиныг одоо эргэн дурсахад хөнгөн гуниг, инээмсэглэл, эгдүү зэрэг хүрч ирнэм. Одоо бол тэр хичээлийг авсандаа, багшийн зөвлөгөөг авах зөөлөн чих нэг удаа гаргасандаа бурханд ч юм уу хувь заяанд  ч юм уу талархана. Баялаг сайхан эх хэлэндээ түшиглэж сурснаар япон хэл маань харьцангуй хурдан сайжирсан  тул төд удалгүй багшийн зөгнөн хэлж асан гэмбагаас хол ажилд оноогдож эхэлсэн. Бараг 3D(аюултай, бэрх, заваан) гэгддэг түргэн хоолны ажлыг нугалалцаж, бараа өрж, ширээ арчиж, паста чанаж, пизза эргүүлж явсан хэдхэн сард би хэзээ ч сурах бичгээс олж сурахгүй байсан өчнөөн зүйлийг сурч мэдсэн билээ. Азийн бар гэгдэх аварга эдийн засгийн эрэг шураг хаанаа байдгийг, яаж эргэж байдгийг  үндэснээс үндэсний гүнд нь очиж харсан гэж боддог.

Миний харсан "гэмба”-г тайлбарлахад  хариуцлага гэдэг үг хуурайдна. Түүнийг тайлбарлах гол түлхүүр үг бол "чин сэтгэл”. Үсээ шарлуулж будсан, өмдний салтаа нь өвдөг хүртлээ унжсан ямар ч хулигаан нь хуваарьт цагтаа орж ирээд ажлын форм өмссөн бол чин сэтгэлтэн болж хувирдаг.  Чин сэтгэлтнүүд  секундын нэгжээр зохион байгуулагдсан, оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг, тэгээд тэр чин сэтгэлийг тулах цэгээ болгосон 5 триллионы эдийн засаг эргэдэг, өсдөг. Кассчин бүсгүй ч тэдний нэг. Хожим гэмба-д сэтгэл татагдсан би бээр зөвхөн үйлчилгээний биш эд зүйлийн үйлдвэр дотор ч орж үзсэн.

 

Дамжлага хоорондын урсгал тасалдуулахгүйн тулд хэмнэлээ барих ёстой техник үйлдвэр нэг хэрэг. Харин хурд бүтээмж хувь хүнээс их хамаарах үйлчилгээний салбарын ажлыг ердөө л 7 хоногт 2 удаа шилжих цагаар гардаг хэдхэн оюутанд даатгаад, тэд нар нь ажил эргэх циклийг огт доголдуулахгүй, олон улсын франчаизингийн үйлчилгээний түвшинг унагаахгүй, өдөр тутмын нүсэр цэвэрлэгээг нэг булан ч оромдож үлдээлгүй уйгагүй хийж дуусгаад харьдаг...ийм  системийг бүхэлд нь хариуцлагаар тайлбарлахад хүний аз жаргал, чөлөөт хүсэл хаа нэгтээ орхигдчих ч юм шиг санагдаад байдаг. Харин хүнд гаргаад өгөх таваг хоол, касс бичих ганц шоклад,  бургертэй тор атгуулахдаа инээмсэглэх нэг агшин гэх мэт энгийн ажлаас авахуулаад бизнес хийх, улс удирдах гэх мэт бүх түвшиндээ хийх ажлынхаа утга учрыг(мөн чанар гэх нь ч зөв байж мэднэ) бүгд биш юм гэхэд ихэнх нь ухаж ойлгодог, тиймдээ ч утга учрыг нь алдагдуулалгүй чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг эдийн засгийн цавуу маягийн, эсвэл мотоорын тос маягийн том соёлыг нь яруу алдарт Тоодаигийн номын санд биш гэмбад  олж харсан. Нэг бөөрөнхий талх барьсан ч энэ талх бусдын хувьд юу билээ гэдгийг тунгааж байж хийдэг улс.  Гэхдээ ном сурах ёсгүй гэж хэлж байгаа хэрэг ерөөсөө биш. Гэмбагаас олж мэдэх боломжгүй макро хараа, түүхэн явц, гүнзгий анализ, тунгаах, мэдээлэл боловсруулах чадвар гэх мэтийг хүн ном хичээлээр л олж авна.   Мэдлэг, туршлагын аль аль нь мөн чанарыг ойлгодог болж хөгжихөд хэрэгтэй. Энд яригдаж буй сэдвийн хувьд гэхэд хэн нэгний эрх мэдэл их тусмаа чинсэтгэлгүйн төлөөсийг өөрөө болон бусад нь их үнээр төлөх болдгийг түүх хүүрнэсэн номноос л уншиж мэднэ.

Хэн нэгний эрх мэдэл их тусмаа чинсэтгэлгүйн төлөөсийг өөрөө болон бусад нь их үнээр төлөх болдог.

 Манай боловсрол бол онолоо больё гэхэд гэмбагаас хэр хол хадуурч ирснийг ярихын тулд өөр сэдвээр бичих хэрэгтэй болно, дараа болъё.  Оюутнуудын хувьд нийтлэгч Түмэнцэнгэлийн "Оюутан насны даалгавар" нийтлэлийг санал болгох байна. Ойрд кэйданрэн буюу далд засгийн газар нь гэхэд хилсдэхгүй японы хамгийн том бизнесмэнүүдийн холбооныхон айлчилж, удахгүй Монгол Японы бизнес форум болох гэж байна.  Монголчууд бид иймэрхүү сэтгэлгээтэй хүмүүстэй мөнгө, хувийн ашиг гэх мэт өнцгөөс харьцвал тэр дороо үнэ хүндээ алдана, ил илэрхийлэхгүй ч дотроо чимээгүй шүүж итгэл алддаг хүмүүс.

Төгсгөлд нь

Өнөөдөр номын ах Сонни өөрийн фэйсбүүк хуудаснаа Эдийн засгийн өсөлт нийгмийн хөгжлийг бий болгодог уу эсвэл Нийгмийн хөгжил өөрөө эдийн засгийн өсөлтийг бий болгодог уу? гэсэн асуулт постолж сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж харагдсан. Би хувьдаа

Нийгмийн хөгжил чин сэтгэлтнүүдийг бүтээж, чин сэтгэл эдийн засгийн өсөлтийг авчирна

гэж хариулмаар байна. Өсөлтийн үр шимийг эргээд тэднийхээ хөгжилд хөрөнгө оруулдаг болвол нийгэм хөгжлийн хэмнэлээ олно. Зарим цуврал нийтлэлээр мэдээлэл хүргэсэн домогт Мэижигийн их өсөлт ч эх орноо хэнд ч дээрэлхүүлэхгүй их гүрэн болгоно гэж шазуур зуусан самурай нарын чин сэтгэлээс л урган гарсан. Өдгөө хамгийн зоригтой, хамгийн чин бат баатрууд нь мөнгөн тэмдэгт дээр нь залран байдаг. Монгол улс иргэдээ чин сэтгэлтэй, мэдлэг туршлага хослуулсан бие хүн болгон бүтээхээс бусдаар хөгжих гарцгүй.

Шинэ улирал ирж байна. Шинэ сурагч оюутнууд ч, ажиллаж, удирдаж, судалж буй ах эгч нар нь ч өмнөх ажлынхаа мөн чанарт чин сэтгэлээсээ хандаж, Монгол эх оронд маань илүү сайхан маргааш ирэх болтугай.

Жич. Миний хувийн дурсамж, үзэл бодол тул редакцын биш хувийн тэмдэглэл хөтөлдөг хаягаар нийтлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top