Иракийн Найнава мужид "Исламын улс” бүлгийн 120 гаруй дайчин цаазлууллаа хэмээн Al Sumaria телевиз мэдээлэв. Дайчдыг бослого дэгдээж, бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадийг хороох гэж оролдсон хэмээн буруутгажээ. Авлига болон удирдлага, зохион байгуулалтын дутагдал "Исламын улс” бүлгийг дотроос нь хэрхэн идэж, ялзруулж байгааг энэ хэрэг явдал харууллаа хэмээн олон улсын тоймч, ажиглагчид хэлж байна.
Тэрслүү дайчдын төлөвлөснөөр бослого, цэргийн эргэлт наймдугаар сарын 30-нд болох байжээ. Гэвч түрүүлж баривчлагдсан таван цэрэг хуйвалдагчдын төлөвлөгөөг илчилж орхисон аж. Үүний дараа 122 дайчин, түүний дотор хээрийн цэргийн 18 командлагчийг Мосул хотын өмнөд биед аваачиж буудаж устгасан байна. "Исламын улс” бүлэг доторх хагарал улам бүр томорсоор байгаа бололтой. Мөнгө, эрх мэдлийн хуваарилалтын төлөөх тэмцэл улам хурцдаж, олон дайчдыг урвасан, тэрсэлсэн хэргээр цаазалжээ.
Өмнө нь "Ирак болон Левантын исламын улс” нэртэй байсан "Исламын улс” бүлэг 2006 оноос хойш Иракт хүчирхэгжиж, нэр нөлөөгөө тэлэх болсон юм. 2014 оны зун тус бүлгийн дайчид Сири, Иракийн газар нутаг дээр хяналтаа тогтоож Халифат улсаа зарлан тунхаглаж, Мосул хотыг нийслэлээ болгосон билээ. Дамаскийн Засгийн газарт үнэнч цэргүүд, Сирийн босогчид, Иракийн арми, шийт босогчид, курдын отрядууд болон АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл "Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж, агаараас цохилт өгч байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. Тагнуулын төв газрын мэдээллээр "Исламын улс” бүлгийн талд 30 мянга орчим хүн байлдаж байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин