|

Ар араасаа залгасан айлчлалууд үр дүнгээ өгөөсэй

namuunaa 2015/09/10 3932 960
Улс төрийн амьдралд зургаан сайдын томилгоо анхаарал татсан энэ өдрүүдэд олон чухал айлчлал ар, араасаа үргэлжилж байна. Есдүгээр сар гарснаас хойшхи анхны айлчлалыг УИХ-ын дарга З.Энхболд эхлүүлсэн. Тэрбээр, АНУ-д болсон дэлхийн спикерүүдийн чуулга уулзалтад оролцож илтгэл тавьсан бөгөөд энх тайван, хамтын ажиллагааг дэлхий дахинд уриалсан тунхагийг батлуулах түүхэн үйл явдалд оролцоод ирсэн билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад урилгаар оролцож Бээжин хотын төв талбай Тянь Мэний талбайд алхсан монгол цэргүүдтэйгээ мэндчилж өнгөрөгч амралтын өдөр эх орондоо ирсэн. Айлчлалын үеэр мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёр талын хийж хэрэгжүүлж буй ажил, хамтын ажиллагааны талаар ярилцсан байдаг. Тэгвэл гуравдах том гадаад томилолтыг Ерөнхий сайд хийхээр энэ сарын 08-нд БНХАУ-ыг зорилоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор урд хөршийг зорьжээ.  Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцох аж. Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай албан ёсны уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өгөх юм байна.

Зарим хэвлэл мэдээллээр түүнийг Бээжинд очиж Тавантолгойн гэрээг үзэглэхээр явлаа гэсэн мэдээлэл цацагдсан ч бие даагч гишүүдийн өгсөн энэхүү мэдээлэл худлаа гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Энэ уулзалтын үеэр БНХАУ-тай хамтарч ажиллах олон яриа хэлцэл нэг шат ахина гэсэн хүлээлт байгаа юм. Мөн  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 10-11-нд ОХУ-д айлчлахаар өчигдөр тус улсыг зорилоо. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской, Хөдөө, аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай уулзана.

Тэд Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцохоор болжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мөн Засгийн газрын албан томилолтын дагуу гадаадад албан ажлаар явж байгаа аж. Мөн өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын сайд С.Эрдэнэ, Р.Бурмаа нар салбар, салбарын хүрээнд томилолтоор гадаадад ажиллаад иржээ.

Засгийн газрын сайд, төрийн өндөрлөгүүд ийн ар араасаа албан айлчлалд мордоцгоож байна. Шинэчлэлийн Засгийн газрын үе шиг жилд тэдэн удаа гадаадад айлчилна гэсэн тоо байхгүй учраас Шийдлийн Засгийн газрын сайдууд урьсан, уриагүй бүх л уулзалт, хурал цуглаанд алгасахгүй морилж байгаа. Өөрөөсөө гадна өчнөөн олон дарга цэрэг дагуулах эдгээр айлчлалуудын үр дүн тун удахгүй гарна гэж итгэж сууя. Монголоо сурталчлаад л, гарын үсэг зураад л яваад байдаг. Эцэст нь гарах үр дүн үгүй бол энэ олон айлчлалуудын хэрэг юу байх билээ. Тэр тусмаа салбарын сайдуудын айлчлал заавал үр дүн дагуулах учиртайг энд бичих нь илүүц биз.
Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top