|

Монгол Улс Ойрхи Дорнодын дүрвэгчдийг хүлээж авах нөхцөл үүсч магадгүй нь

namuunaa 2015/09/21 772 0

 -ЕАБХАБ-ын хурлыг гадныхан юу гэж дүгнэв-

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ээлжит их хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон билээ. Энэхүү хурлын талаар хойд хөршийн болон барууны хэвлэлд хэрхэн бичсэнийг хүргэж байна.

Улаанбаатарт ЕАБХАБ-ын чуулган зохион байгуулсан нь хоёр хөршдөө итгэхгүй байгаагийн шинж үү

Хойд хөршийн Pnp.ru цахим хуудсанд ЕАБХАБ-ыг "АНУ-ын нөлөөнд орсон Финлянд улсын санаачилгаар байгуулагдсан” гээд ерөнхийдөө Европын аюулгүй байдал гэхээсээ илүү АНУ-ын эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэсэн тодорхойлоод, Европын бус улс орнуудыг гишүүнээр элсүүлдэг, даргаар нь Спенсер Оливер хэмээх америк эрхэм ажиллаж байгааг үүний жишээ хэмээн дурьдсан байх юм.

Түүнд "Европын хамтын ажиллагааны байгууллага нь 1975 онд Финландын Хельсинки хотноо анх байгуулагдаж байжээ. Үүнээс хойш эгнээндээ 60 шахам улсыг нэгтгэсэн ч үйл ажиллагаа нь Европоор хязгаарлагддаггүй. Энэ удаагийн хурал нь хаа холын Монголд болж байгааг зарим нэг хүн ойлгохгүй байж магадгүй. Гэтэл үнэндээ гайхаад ч байх юм биш. 

Азид оршдог Монгол Улс 2013 онд тус байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэн. Үүнд гайхах ч юмгүй, ЕАБХАБ-д Монголоос гадна Азербайжан, Армен, Гүрж, Канад, Кипр, Киргизстан, АНУ, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг "Европын бус” гишүүд бий. 

ОХУ Барууныхантай түнжин хагарч, Ази руу хандаж буй энэ үед АНУ, Барууны орнуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллагын хурлыг нутагтаа зохион байгуулсан нь Улаанбаатар хоёр хөрштөйгөө ойртон нөхөрлөхөөс илүү "гуравдагч хөрш”-төй "найзлахыг” эрмэлзэж байгаагийн тод илэрхийлэл болж байна” хэмээн бичсэн байв.

Мөн өөр нэгэн хэвлэлд "ЕАБХАБ-ын хурал Улаанбаатарт болно гэхэд эхлээд сонин сонсогдож байлаа. Учир нь Монгол Европт оршдоггүй. Гэсэн ч? тэд 2012 онд энэ байгууллагын гишүүн болж, хурал зохион байгуулж буй нь яалт ч үгүй үнэн юм. Бид "Өндөг тахиа биш, Монгол гадаад биш” /Яицо не курица, Монголия не заграница/ гэж ярилцдаг. Тэгвэл энэ үг худдаа гэдгийг бид энэ удаагийн явдлаас сайн ойлгож авлаа хэмээн бичжээ. 

Мөн Монголыг ЕАБХАБ-д элсэх хүсэлт гаргахыг АНУ ятгаж, лоббиг нь хийсээр гишүүн болгосон гэсэн байна. Үүний зорилгыг АНУ Бээжин, Москватай бодлого явуулахдаа ашиглах зорилгоор Улаанбаатарт нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзэж ирсэн, монголчууд өөрсдөө бас "гуравдагч хөрш” гэж гүйсэн” гэсэн байна.

Эцэст нь "Монголчууд дахиад Европын хувь заяаг шийдэлцэж эхэллээ” хэмээн ёжилжээ. Хойд хөрш хэдийгээр Думын даргаС.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчдөө Улаанбаатарт ирүүлсэн ч чуулганд оролцоогүй юм. Гэхдээ тэрбээр үг хэлсэн бөгөөд түүндээ "Бид Украинаас хэдэн сая дүрвэгч асуудалгүй хүлээж авсан, харин та нар ойрхи дорнодын цагаачдыг нохойн гөлөгнөөс дор үзэж байна” хэмээн хоржоотой үгс хавчуулсан байсан билээ. ЕАБХАБ-ыг ОХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж дүгнэхэд буруудахааргүй бололтой, таарамж муутай нь илт мэдэгдэх юм.

Тухайлбал, ОХУ хуралдаанд албан ёсоор оролцоогүйг хойд хөршийн хэвлэлүүд "Украины жинхэнэ байдлыг яриулахгүй болсондоо тэд баяртай байгаа байх” гэсэн байхад барууны хэвлэлд "Украины талаар үнэн бодит байдлыг сонсохоос айхдаа оролцсонгүй” гэсэн байх жишээтэй.

Монгол Улс ойрхи дорнодын дүрвэгчдийг хүлээж авах нөхцөл үүсч магадгүй нь

Хойд хөршийн хэвлэлд ингэж бичсэн бол Барууны хэвлэлүүд Монголд болсон хурлыг олон шинэ санаачилга гарсан үр дүнтэй, амжилттай хурал боллоо хэмээн дүгнэсэн байна. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь "Дүрвэгчдийг шинээр нутагшуулах ажилд ЕАБХАБ-ын "Европын бус” гишүүн орнууд оролцох тухай” асуудал юм. Учир нь Монгол ч гэсэн энэ ангилалд хамаарах билээ.

Хэрвээ энэ санаа ажил хэрэг болох юм бол Монгол Улс дүрвэгч нутагшуулах үүрэг хүлээнэ гэсэн үг. Дүрвэгчдийн асуудалд Европын комиссын баримталж байгаа байр суурь нэн хатуу байгаагаас харвал ЕАБХАБ ч мөн асуудал ингэж хандахыг үгүй гэх газаргүй юм. Улаанбаатарын чуулганы үеэр Италийн төлөөлөгч Серхио Дивинагийн гаргасан энэ санал гадны хэвлэлүүдээр гарч, дэлхий нийтийн анхаарлыг зохих ёсоор татаад байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top