|

Ассад удирдагчдыг талцуулав

magnai 2015/09/29 1827 234

Ассад удирдагчдыг талцуулав

АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан тухай "CNN” агентлаг мэдээллээ. Уулзалт Москвагийн цагаар 21.00, Улаанбаатарын цагаар 4.00 цагт болсон юм.

 

Удирдагчид тохиролцсоны дагуу Сири болон Украины хямралын асуудлаар ярилцаж, өөрсдийн байр сууриа хүргэсэн байна. Тус уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцжээ.

 

Бан Ги Мүн "AFP” агентлагт "Удирдагчид уулзалтын эхнээс л Сири, Украины хямралын асуудлаар ярилцсан. Энэхүү уулзалт үр дүнтэй болоосой хэмээн итгэсэн учир би оролцож, өөрийн байр сууриа хүргэсэн. Обама болон Путин нар улс төрийн байдлаас үл шалтгаалж хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн. АНУ, ОХУ нэгдвэл бүх зүйл амар амгалан болох болно” гэж хэлжээ.

 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Обама "Сири өмнөх шигээ аюулгүй тайван болохын тулд өнөөгийн Засгийн газар болон Ерөнхийлөгч Башар аль Ассад өөрийн хүсэлтээр огцрох шаардлагатай байна. Ассад төрөөс гараа татах нь зөв. Тус улсад шинэ удирдагчид, шинэ Засгийн газар хэрэгтэй. Сири ард түмнийхээ хүчээр дахин хөл дээрээ босох учиртай” гэж хэлжээ. Харин Ерөнхийлөгч Путин, Обамагаас өөр бодолтой буйгаа илэрхийлж "Башар аль Ассадын тусламжтай Сири хямралаасаа салах болно. Орос, Сири улсад бүхий л бололцоогоороо туслалцаа үзүүлэх болно. Гэхдээ Ассад төрөөс явлаа гээд хямрал дуусахгүй. Бид Ассад болон тус улсын Засгийн газарт тусламж үзүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

 

"Тэд Ассадаас болж маргалдсан” хэмээн ойрын эх сурвалж мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жек Карней "Удирдагчид 90 минут ярилцсан. Уулзалт үр дүнтэй болсон” гэж мэдэгджээ.

 

Сирийн хямралын асуудлаар ярилцсан ярианы төгсгөлд Обама, Путинд хандан Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй "Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч буй холбоотон орнуудад Орос нэгдэхийг уриалж "Яг одоо Оросын тусламж Сири гэлтгүй олон улсад хэрэгтэй байна. Орос бол хүчирхэг гүрэн. Та бүхний дэмжлэгтэйгээр Сири, Ирак гэлтгүй олон орон хэт даврагчдаас салах боломжтой” гэсэн байна. Үүний хариуд Путин "Бид хэт даврагчдад цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ Орос бие дааж хэт даврагчдад цохилт өгөх сонирхолтой байна. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хөдлөх хэрэгтэй. Учир нь хэт даврагчид хүчтэй, хүчирхэг болсоор байна” гэж мэдэгджээ.

 

Путин ярианыхаа төгсгөлд олон улсыг иргэний дайны золиос болж буй Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхийг уриалсан байна. Энэ сарын эхээр Оросын тусламжийн ажилтнууд 80 тонн хүмүүнлэгийн барааг Сирид хүргэсэн юм.

 

НҮБ-ын мэдээлснээр 2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн иргэний дайны уршгаар 250 мянган хүн амиа алдаж, хоёр сая иргэн эх орноосоо дүрвэсэн бол энэ оны долоодугаар сарын байдлаар Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл тус улсын таван хотод хяналтаа тогтоосон гэв.

 

Удирдагчид Сирийн асуудлаар 50 минут ярилцсан бөгөөд тус улсад туслахаар тохиролцсон байна.

Харин олон улсын анхаарлын татаад буй Украины хямралын асуудлаар Обама өөрийн байр сууриа хүргэж, Зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангадаг хэмээн Путинийг буруутгасан байна.  Тэрбээр "Украины хямралтай Орос шууд холбоотой” гэсэн бол Путин "Бид салан тусгаарлагчидтай холбоогүй. Мөн тэднийг зэвсгээр хангаагүй. Украины хямралтай Оросыг холбох нь утгагүй хэрэг. Бид ч гэсэн хохирогчид” гэж мэдэгджээ.

 

Тэд Украины асуудлыг хэрхэхээ шийдэж чадаагүй бөгөөд нэг нэгнээ буруутгасан өнгө аястай үргэлжилсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцож, "Украины зүүн хязгаар буюу Оросын түрэмгийлэл” сэдвээр лекц унших үед танхимд сууж байсан Оросын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж, хурлыг орхин гарсан билээ.

 

Порошенко "Оросоос болж Украины эдийн засаг доройтсон. Бид зээл авч, маргаашаа аргалж байна. Орос бол хүчирхийлэгч. Орос, Украины хямралд буруутай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

www.shuud.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top