Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байгаа "Рио-2016" олимпийн оноо олгох тэмцээн өнөөдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Эхний өдөр манай эмэгтэй жүдочдоос 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзэж, алтан медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд БНХАУ-ын Ши Шишитэй барилдан торгуулиар цэвэр ялсан байна.
Улмаар А хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Кристина Румянцеваг юүкогоор сөхрүүлэн хагас шигшээд шалгарсан бөгөөд зооны аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгтэй таарч торгуулиар ялан финалдсан юм. Энэ удаад түүнтэй Универсиадын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюн хүч үзсэн. Энэ хоёр бөх хамгийн сүүлд оюутны Универсиадад учраа таарахад "гуулин" улсын тамирчин торгуулиар хожоод байсан бол энэ удаад манай гавьяат тамирчин даралтаар вазари үнэлгээ аван ялж, алтан медалийн болзол хангасан байна.