Монгол улсын үр хойч, хүүхэд залууст эрдэм боловсрол олгох үйл хэрэгт мэдлэг туршлага, авъяас чадвар, ур ухаан бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монголын багш нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авъяас билгээ нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг эрдэмтэн багш нар та бүхэн үүрч байдаг билээ.
Багш, сурган хүмүүжүүлэгч та бүгдийн гар дээр ирээдүйн улс орон, аймаг орон нутгийг авч явах залуус, мэдлэг боловсрол, ажил үйлсээрээ түүчээлэн хошуучлах мянга мянган охид хөвгүүд, өрх гэрийг авч явах ирээдүйн аав ээжүүд сурч хүмүүжиж, өсч торниж байна.
Тиймээс энэ өдөр та бүгдээрээ бахархаж, хүндэтгэж, ахмад үеийн багш нараа дурсан санаж, залуу халаа, хойч үеийн багш нартаа урам зориг хайрлах учиртай. Багш хүний асаасан гэрэл ирээдүйн замыг гэрэлтүүлж, багш хүний ажил хөдөлмөр улс орны хөгжил дэвшил, ололт амжилтын түлхүүр болж байдаг нь хамгийн бахархалтай юм.
Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад та бүхэндээ Монголын багш нарын өдрийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Номын цагаан буян арвижих болтугай.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН