2015 оны бүх нийтээр мод тарих ажлыг өмнөх жилүүдээс онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар энэ онд орон даяар1 сая мод ургуулах хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.
Манай аймагт тус тушаалын дагуу аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч 2015 оны хавар аймгийн хэмжээнд нийт 44,000 мод бут сөөгийг тарьсан байна.
Харин бүх нийтээр мод тарих намрын ажлын хүрээнд хавар тарьсан модоо ургуулах, нөхөн тарилт хийх, намрын цэнэг усалгаа хийх зэргээр үргэлжлүүлэх түүнчлэн 10,000 орчим модыг нэмж тарихад анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Жил бүр бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд ААН байгууллагууд 5 мод, насанд хүрсэн иргэн бүр 1 мод тарьсан байхаар хуульчилсан байдаг Түүнчлэн БОНХЯ-ны сайдын тушаалаар аймаг тус бүрт тарих модны хязгаарыг тогтоож өгсөн.
Ингэснээр хүн амын тоотой харьцуулан үзэж манай аймагт хамгийн багадаа 50,000 мод тарьсан байх шаардлагатай гэсэн чиглэл гарсан байна. Одоогүйн байдлаар манай аймаг нийт тарьсан модныхоо тоогоор бусад аймгуудтай харьцуулахад эхний 6 аймгийн тоонд багтаж байгаа аж. Тиймээс өнгөрөгч хавар тарьсан 44000 модыг ургуулах, арчлах, нэмж тариалах ажилд иргэд ААН байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд орчноо тохижуулсан шилдэг ААН, хашаагаа тохижуулсан айл өрх зэргийг шалгаруулан шагнах юм. БОНХЯ-аас аймаг сумд болон, боловсролын газруудын дунд зарласан болзолт уралдааны дүн мэдээ болон аймгийн хэмжээнд 2015 онд тарьсан нийт модны тоо хэмжээг 10-р сарын 20-ны дотор нэгтгэн гаргаж иргэд болон яаманд хүргүүлэх юм байна.
erdenetinfo.mn