|

Баян-Өндөр сумыг хоёр хуваах уу

magnai 2015/10/07 779 18

Баян-Өндөр сумыг хоёр хуваах уу

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саяханы хуралдаанаар Баян-Өндөр сумын "хувь заяа”-ны талаар хэлэлцлээ. Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхийн мэдээлснээр өнөөдөр Баян-Өндөр сум 21 багтай. Түүний 7 нь городод үлдсэн 14 нь гэр хороололд байдаг аж. Нэг багт дунджаар 4222 хүн ногдож байгаа нь бусад аймгийн зарим сумын хүн амаас ч давсан үзүүлэлт юм байна. Нутаг дэвсгэрийн хувьд 27.7 мянган га нутагтай ч өнөөдрийн байдлаар 86 мянган хүн байнга оршин суудаг гэсэн судалгааг танилцууллаа. Энэ талаас нь харвал төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх, иргэд төрөөр үйлчлүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч байгаа гэнэ. Баян-Өндөр сум хэдийгээр Монгол улсын хамгийн олон хүн амтай, хамгийн олон багтай  хэдий ч Увс аймгийн Сагил, Дорнодын Матад сумын ЗДТГ-ын бүтэц, орон тоотой ижил нөхцөлд ажилладаг зэрэг нь өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр асуудал үүсгэж байгаа аж. Иймээс Баян-Өндөрийг хуваан хоёр сум болгох асуудлыг аймгийн ЗДТГ-аас судалжээ. Өнөөдөр манай улсад хэрэгжиж байгаа зарим хуульд сумыг хоёр хувааж төвлөрлийг бууруулах, эсвэл аймгийг хот болгох,  хотын статусаар ажиллах нөхцөл боломж байгаа гэнэ. Ардын ИХ Хурлын тэргүүүлэгчдийн1975 оны 266 дугаар зарлигт "..1978 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрдэнэт хотыг улсын чанартай хот болгосугай” гэж заажээ. Өнөөдөр энэ зарлиг хүчингүй болоогүй. Энэ талаас нь харвал Баян-Өндөрийг сум биш дүүргийн хэлбэрээр хөгжүүлэх, дахин нэг дүүрэг байгуулах боломж харагддаг. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар ч асуудалд хандаж болох тал бий. Нөгөө талаас 1994 онд УИХ-ын 37 тоот тогтоол гарч, Орхон аймаг болж Баян-Өндөр сум байгуулагдсан. Төрийн албыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхийн тулд сумыг хоёр хуваах саналыг гаргах нь зүйтэй гэж аймгийн ЗДТГ-ын зүгээс үзжээ.

Хэрвээ Баян-Өндөрийг хоёр хувааж дүүрэг, эсвэл сум болговол Эрдэнэтийн ирээдүйн төлөвийг хэрхэн төсөөлснийг  тэргүүлэгчдэд танилцууллаа. Баян-Өндөрийг хуваавал А/Баян-Өндөр дүүрэг /сум/ Б/ Шинэ дүүрэг /сум/ гэж төлөвлөжээ. Баян-Өндөр дүүрэг /сум/-ийн хувьд газар нутаг нь 28456.65 га нутагтай, хүн ам нь 51073, 40 төрийн байгууллага, 21 цэцэрлэг, 10 сургууль, 35 эрүүл мэндийн байгууллага, 833 аж ахуйн нэгж байх гэнэ. Оюут, Уурхайчин, Согоот, Дэнж, Цагаанчулуут, Говил, Рашаант, Баянцагаан, Эрдэнэ, Уртын гол, Яргуйт гэсэн 11 багтай байхаар төлөвлөжээ.

Харин шинэ дүүрэг /сум/-ын хувьд 47 төрийн байгууллага, 13 цэцэрлэг, 9 сургууль, 35 эрүүл мэндийн байгууллага, 515 аж ахуйн нэгж багтах ажээ. Багуудаас Бүрэнбүст, Шанд, Их залуу, Зэст, Хүрэнбулаг, Уртбулаг, наран, Булаг, Баянбулаг, Даваат гэсэн 10 багийн 10567 өрхийн 37597 хүн ам багтах гэнэ. Газар нутгийн хэмжээ нь 1302.56 га байх юм байна. Өнөөгийн Баян-Өндөр сумыг хоёр хуваахад хүрвэл төв хар замынхаа хөндлөн тэнхлэгээр өмнөх, хойдох гэж  хуваасан гэж аймгийн ЗДТГ-ынхан мэдээллээ. Ямар ч байсан аймаг, орон нутгийн  хувьд өөрсдийн санаачлагаар нэмж сум байгуулах эрхгүй ч эрх бүхий дээд байгууллага болох УИХ-д бодит нөхцөл байдлаа танилцуулах үүднээс ийм ажил  хийсэн байна.

erdenetnews.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top