|

Би орон нутгийн театраас хэзээ ч холдохгүй

magnai 2015/10/09 987 0

Би орон нутгийн театраас хэзээ ч холдохгүй

Чарльз Спенсер Чаплин гэх содон нэртэй, хар хослол, бүрх, таяг, хоншоор нь эргэсэн гутлаар "гоёсон”, этгээд сахалтай туранхай эрийг дээр үеийн хар цагаан киноноос мэддэг болсон. Түүний жүжиглэхийг хараад элгээ хөштөл инээдэг. Өмнөх зуунд амьдарч байсан тэр эрийн талаар үүнээс цааш сайн мэдэхгүй.

Харин "Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестивалийн үеэр түүнийг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаас оллоо. Ямар адилхан гээч, XXI зууны Монгол Чаплин буюу жүжигчин Ганбатын Мишээл XX зууны Чарльз Спенсер Чаплинтай. Гэвч тэр хоёрын нүд нь ондоо. Чарльз Спенсер Чаплины давхраатай нүднээс гуниг ажиглагддаг бол Г.Мишээлийн давхраагүй нүднээс гал цог гэрэлтдэг юм билээ. 

 

"Чаплинд нулимс бий юу?” моно драмын жүжгээрээ хүмүүний дотоод сэтгэлийн үнэнийг өчсөн Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Г.Мишээлтэй ярилцлаа. Хамгийн эгэл атлаа нэг л өвөрмөц түүний ертөнцийг эндээс мэдрээрэй.

 

-"Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестивалийн тайзнаас Монгол Чаплиныг оллоо. Яасан адилхан юм бэ. Та хоёрын нүд л ондоо юм.

 

 

-Чаплины нүд давхраатай. Минийх давхраагүй. Харин будалт хийхээр их адилхан болчихдог. Будалтгүй үедээ ч төс байдаг. Жүжгийн бэлтгэлээ дөнгөж эхэлж байхдаа будалтаа хийчихээд толинд хараад найруулагч бид хоёр үнэхээр баярласан. Чаплинтай адилхан байсандаа шүү дээ. Хурдхан шиг үзэгчдэд харуулах юмсан гэж сэтгэл хөөрөөд л. Ямар азаар... бас нэг хувь тохиол юм шиг. Дэлхийн хэмжээнд Чарльз Спенсер Чаплины тухай хоёр том уран бүтээл байдаг. Нэг нь түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн уран сайхны кино, нөгөөх нь мөн сэдэвтэй "Бродвей” театрт тавьсан мюзикль жүжиг. "Чаплинд нулимс бий юу?” моно драм тэр мундаг хүний талаар хийсэн дэлхийд байгаа гурван бүтээлийн нэг болсонд би олзуурхаад байгаа юм.  Гэхдээ драмын жүжиг талаасаа дэлхийд анхдагч. Жижигхээн улс гэж яригддагМонгол оронд, тэр орны нэгэн хотоос дэлхийн хэмжээний уран бүтээл төрсөнд баярладаг.Бас нөгөө кинонд, мюзикльд тоглосон жүжигчдээс нь илүү би Чаплинтай адилхан байгаад.

 

-"Чаплинд нулимс бий юу?” моно жүжиг их таалагдлаа.

 

-"Чаплинд нулимс бий юу?” моно драмын жүжгийнхээ зохиолыг бараг нэг жилийн өмнө бичсэн. Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын тайзан дээр анх тоглож байсан. Миний анхны моно жүжгийн уран бүтээл. Зохиол нь нэлээн онцлог. Энэ цаг үед Монголын театрын урлагийн хэмжээнд моно драм сууриа тавьж байна гэж би ойлгоод байгаа. Тиймдээ ч эхлэл тавигдаж буй энэ онцгой цаг үед жүжгийн зохиол маань мэндэлсэн нь ирээдүйд, эргээд харахад нэлээн тэмдэглүүштэй онц зүйл болох байх гэж  бодож байна. Моно жүжигт зориулсан бие даасан зохиол бий болно гэдэг том амжилт гэж ойлгож байгаа.

 

-Яагаад Чаплиныг сонгосон юм бэ?

 

-Уран бүтээлч хүн байнга эрэл, хайгуул хийж байдаг. Гудамжаар бараг зүгээр явж чаддаггүй.  Энэ нь галзуу солиотой утгаараа биш л дээ. Уран бүтээлд, дүрд хэрэгтэй учраас л.Жишээлбэл, энд зөөгч ирээд үйлчлэхэд сальфетка, хутга, сэрээгээ ингэж тавьдаг юм байна гээд харна. Эргээд тайзан дээр зөөгчийн дүр бүтээвэл надад хэрэгтэй учраас. Ер нь эрэл хайгуулч байх ёстой. Чарльз Чаплины тухай мэдэхгүй хүн дэлхий дахинаа байхгүй. Би анх Чаплины "Удирдагч” киног хараад энэ хүний талаар ер нь юу хийж болох бол гэж бодсон. Тэгээд "Нэг хүний жүжиг манайд сууриа тавьж байгаа юм чинь үүнийг далимдуулаад энд хүчээ үзэж болох юм байна даа” гэж бодоод, Чаплины талаар судалгаа хийсэн. Жил гаруйн хугацаа болсон. Судалгааг маш сайн хийсэн гэж бодож байгаа. Чаплины талаарх хүмүүсийн сэтгэгдлийг дан ганц интернетэд байдаг мэдээллээр хязгаарлаж болохгүй шүү дээ. Тиймээс монголд Чаплины талаар ямар хүн сайн мэддэг бол, магадгүй түүнийг шүтэн биширдэг хүн ч юм уу гээд ерөнхийдөө нэлээн сайн судлаад  зохиолоо бий болгосон.

 

Хүний дотоод сэтгэлийг хараач гэсэн санаагаар ийм нэр өгсөн

 

 

-Таны жүжгийг үзсэн хүмүүс Чаплины нулимсыг харсан.

 

-Хүмүүс аливаа зүйлд эерэг, сөрөг хандлагатай байдаг. Олон хүн надаас яагаад ийм нэг өгсөн юм бэ гэж асуудаг. Харин зарим нь балай юм ярьдаг юм бэ хүн юм чинь нулимстай л байж таарна шүү дээ гэдэг. Хүмүүс, би ч гэсэн уран бүтээл хийхээсээ өмнө Чаплины хувийн амьдрал, дотоод сэтгэл ямар байдгийг мэдэхгүй л байсан. Зүгээр дээр үеийн инээдмийн киноны жүжигчин, хар цагаан кинон дээр гардаг гэдэг л ойлголттой байсан.

 

Нэгэнт үзэгчдийн өмнө дэлгээд тавьчихсан юмыг нуугаад яахав. Чаплинд нулимс бий юу. Чаплин хүн мөн юм уу. Мэдээж хүн гэхдээ та нар тэгж харж чадаж байна уу. Хүмүүс тэгж харж чадаж байгаа болов уу. Ганцхан Чарльз Чаплины амьдралаас сэдэвлэсэн болохоос бишэнүүгээр дамжуулаад хүн болгонд хүмүүсийн дотоод сэтгэлийг хүн чанараар нь хараач,хүнийг ойлгож сонсооч, дотрыг нь хараач гэсэн санаагаар ингэж нэрлэсэн. Өнөөдөр би нэг хүнтэй яриад инээгээд сууж байлаа гэхэд миний дотор ямар их гуниг, надад ямар асуудал байгааг хүн мэдэхгүй шүү.

 

-Тэгвэл хүмүүс бие биедээ юу өгч болох юм бол?

 

-Хамгийн энгийн юм нэгнээ сонсох. Хамгийн түрүүнд хүн хүндээ өгч чадах маш энгийн зүйл бол сонсох, ярилцах, харилцах. Би маш сайн сонсогч байж чаддаг. Гэхдээ заримдаа энэ нь алдаатай байдаг. Би бас хүн юм чинь хэн нэгэнтэй ярих, өөрийгөө уудлах, онгойх, тайвширах хэрэгтэй.

 

-Судалгааны явцад юу анзаарсан бэ. Бодит дүр учраас нэлээн их судалгаа, бэлтгэл шаардсан байх. Таны жүжигт Чаплины "Охиндоо бичсэн захидал”-ын үгсээс байсан.

 

 -Судалгааныхаа явцад нэг гоё зүйлийг анзаарсан. Юу гэхээр Чаплины "Охиндоо бичсэн захидал”-ын хэллэг, тэр хүний сэтгэл, тэндээс гарч, ургаж байгаа мэдрэмжүүд нарийн, өвөрмөц, дотно үнэхээр өөр ертөнцтэй хүн байсан гэдэг нь мэдрэгдсэн. Дэлхийн дайны үед тэр хүн яаж тэмцсэн байна. Идэх хоолгүй гудамжинд хоноод явж байхдаа тэрнийхээ хажуугаар уран бүтээлээ хийж байж. Зохиолынхоо нэг гогцоо болгох, нөгөө талаар түүхэн хүн учраас бодит байх ёстой. Тиймээс амьдрал дээр хэрэглэж байсан зүйлс, охиндоо бичсэн захидал, кинон дээр гардаг үг, үйлдлээс нь маш их судалсан. Зүгээр нэг сахал нааж, бүрх малгай өмсөж, таяг барьчихаад Чаплин болохгүй. Ядаж явдлын сургуулилт хийнэ. Нэлээн их бэлтгэсэн.

 

-Тэгэхээр уран бүтээлдээ зориулж үсээ буржийлгасан юм уу?

 

-Жүжгээ сайхан болгохын төлөө таван сарын хугацаанд дөрвөн удаа үсэндээ хими хийлгэсэн. Миний үс гэмтэлтэй, хугаралтай болж буй ч би аз жаргалтай байгаа. Би төрийн байгууллагын ажилтан тиймээс миний толгой бол төрийн толгой. Миний толгой хэдий ч тайзны толгой, тайзны үс. Магадгүй намайг халзал гэвэл үсээ хусна.  

 

Цас орж л байвал эхний хэсгээ бэлддэг байсан

 

-Таны "Чаплинд нулимс бий юу?” моно драмын гол санаа "Бид хэтэрхий ихийг боддог ч хэтэрхий багыг мэдэрдэг” гэдэг үг. Мөн үү?

 

-Тийм. Энэ үг Чаплины тоглосон "Удирдагч” гэдэг кинонд гардаг. Дуутай кино. Тэр кинонд дарангуйлагчийн дүрд тоглосон Чаплин илтгэл тавьж байхдаа "Бид хэтэрхий ихийг боддог ч хэтэрхий багыг мэдэрч байна” гэж хэлдэг. Хүн болгон ийм байгаа. Би ч гэсэн юм хийхийн тулд их зүйл бодно тэрнээсээ өчүүхэнийг л мэдэрч чаддаг.  

 

-"Чаплинд нулимс бий юу?” моно жүжгийн тайз засалт өвөрмөц байсан.

 

-Мэдээж жүжгээ бодож байхдаа тайзаа бас цуг бодно. Хүний хийх ёстой юм хийх болох ёстойгоороо л болдог юм шиг байгаа юм. Бид л анзаардаггүй болохоос ямар нэгэн дохио өгдөг. Би тайзныхаа шийдлийг зүүдэлсэн. Цас ороод л, дээрээс улаан гэрэл тусаад л, би өөрөө дээр үеийн том европ цагны дотор эвхрээд суучихсан. Тэгээд тэр цагнаас гараад их шуурга сөрөөд явж байна гээд. Үүнийгээ найруулагчдаа хэлтэл үнэхээр гоё хүлээж авсан.Үнэхээр болох ёстой зүйл болж буй мэт. Тэндээс гарч ирэхэд цас орж байсан. Түүнээс хойш гудамжинд явж байхад цас орж байвал би яг эхний хэсгээ бэлддэг байсан.  Харин жүжгийн тайзаа найруулагч, зураачтайгаа зөвлөлөөд бий болгосон. Надад тайзнаас хамгийн их таалагдаж байгаа нь ард байсан хэрээсэн утаснууд. Чи өчигдөр ажигласан байх. Хүний амьдрал маш олон замтай гэтэл бид аль замаар нь явдаг вэ.

 

 -Бид аль замаар нь явдаг юм бол?

 

-Мэдээж хүн өөрийнхөө зорьсон, сонгосон замаар явна. Зарим нь хөл алдаад буруу замаар явдаг. Хамгийн гол нь хүсэл, мөрөөдөл дуудлагаа бодох, дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй байх. Тэгэхгүй бол тэр олон замд төөрнө.  

 

-Зүүд, зөн совиндоо итгэдэг юм шиг санагдлаа.

 

-Зөн совиндоо итгэнэ шүү. Бидэнд хамгийн ойрхон зөн совин бол ээж. "Хүрмээ аваад гараарай гэхэд нь За ээж юун сүртэй юм бэ гадаа халуун байхад гээд гардаг. Гэтэл орой ажлаа тараад ирэхэд бороо орж байдаг. Ээжийн хэлдгээр хүрмээ авдаг л байж” гэж боддог. Энэ зөн совин хүн бүрт байгаа.

 

-Дараагийн моно жүжгийн зохиолын санаагаа олчихсон уу?

 

-Би нэгэнт ийм зүйл бариад авчихлаа. Энэ зохиол монгол зохиолчийнх гэдгээрээ монголдоо төдийгүй, хил даваад нэр хүндтэй байх ёстой. Хэд хэдэн санаа байгаа. 4-5 моно жүжигтэй ном бэлдье гээд төлөвлөгөө тавиад ажиллаж байна.

 

"Би театрын хүн болсон. Грим надад их сайхан зохиж байгаа шүү” гэж хэлдэг

 

-Одоо харин өөрийн чинь тухай жаахан ярилцъя. Танай удамд урлагийн хүн бий юу?

 

-Баярлахаар зүйл нь аав, ээж хоёр минь урлагийн мэдрэмжтэй. Дуулна, гитар тоглоно гэх мэт. Яг урлагийн хүн бол байхгүй. Харин одоо манай удамд нэг жүжигчин шинээр төрж байна шүү гээд аав, ээж хоёр минь баярлаж байгаа байх. Хамгийн бага дүү минь Энэрэл гээд хөөрхөн охин бий. Тэр маань урлагийн зам сонгох эсэхээ шийдэх гэж байгаа. Харин аав, ээж хоёр "Дүүгийн чинь зам яаж явах нь чамаас шалтгаална. Чи урлагт хөлөө олоод хийе гэсэн зүйлээ бий болгоод явж чадах юм бол дүүгийн чинь ирээдүй гэрэлтэнэ. Чамайг харна шүү” гэж хэлсэн.Тиймээс дүүгийнхээ сонголтыг хийхээс өмнө амжуулах ажил надад их байна.

 

-Магадгүй удам дамжсан авьяас болов уу гэж бодож байлаа. Яагаад жүжигчин болохыг зорьсон юм бэ?

 

-2005 онд намайг есдүгээр ангид байхад "Шекспирийн Монгол нөхөд” гээд драмын жүжгийн уралдаан болсон. Тэр уралдаанд ангийнхаа хоёр, нөгөө ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлээд сургуулиа төлөөлөн оролцож байлаа. Багш маань бэлдүүлээд тэр тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлж байсан. Би Ульяам Шекспирийн "Лир ван” жүжгийн Лир ван болж тоглож байсан. Миний дүр бүтээх ч гэж юу байхав. Оролдлого, хүсэл, тэмүүлэл байсан. Тэр уралдааны хоёрдугаар шат УДЭТ-ын тайзан дээр болсон юм. Тэр үед сонссон нэг үгийг би хэзээ ч мартдаггүй. Биднийг жүжгээ тоглох гэж байхад бидний хайртай хүн, театрын мундаг уран бүтээлч талийгч Л.Жамсранжав гуай намайг өрөөндөө оруулаад "Лир ванг ингэж буд” гээд миний нүүрийг гримдэж өгч байсан. Одоо бодохоор тэр гоё мэдрэмж төрж байна. Бие арзайж байна. Тэгэхдээ есдүгээр ангийн балчирхан хүү надад "Миний хүү театрын хүн болвол грим сайхан зохих нь дээ” гэж хэлсэн.  Би энэ үгийг ерөөсөө мартдаггүй. Тэр хүний тоглосон кино ч юм уу гарахад би дотроо "Таны хэлснээр би театрын хүн болсон. Грим надад их сайхан зохиж байгаа шүү” гэж хэлдэг. Энэ үеэс л надад жүжигчин болох хүсэл төрж.

 

-Хэн багшийн шавь бэ. КУДС-ийг төгссөн гэсэн.

 

-Миний багш гэвэл УДЭТ-ын жүжигчин, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар. Энэ хоёр хүн миний багш. Багш нараараа үнэхээр их бахархдаг. Нэрийг нь хөөдчихгүй явах юмсан гэж хүсдэг. Хэрэв би муу уран бүтээлч байгаад, тийм юм хийгээд явбал багш нар маань ичнэ шүү дээ. Харин сайн уран бүтээлч байгаад, чанартай юм хийгээд, эргээд ярих юм болвол миний хоёр багш надаар бахархана. Тэр хоёр хүн миний урлагийн амьдралд хөл тавих замыг чиглүүлж өгсөн. Би тэдэнд өртэй. Ээж, аавынхаа ачийг хариулна гэдэг шиг хоёр багшийнхаа өмнө өртэй.

 

Хүн чин сэтгэлээсээ хүсэх юм бол заавал хүрдэг

 

-Хоёр багш тань тоглолтыг чинь үзээд сууж байсан. Дараа нь мэдээж уулзсан байх.Танд юу хэлж байна?

 

-Уулзсан, уулзсан. Багш хэлэхдээ "Ямар хөөрхөн адилхан юм бэ. Нүд чинь урагшаа том хараад гялалзаад ирэхээрээ үнэхээр хөөрхөн юмаа” гэсэн. Нөгөө хулгайч хайгаад явдаг хэсгийг олзуурхаж байсан. Яг өөрийнхөө мөрийг гурван удаа харчихаад гурван хулгайч байна гэдэг. Гэтэл хүүхдээ өөрөө юм хайж байхдаа чемодандаа хийчихсэн байдаг шүү дээ. Тэр хэсгийг "Ямар хөөрхөн юм бэ үнэхээр уран бүтээлчийн чадвар тэнд харагдаж байна шүү миний хүү. Яг л явсан мөрөөрөө гишгээд явж байсан. Хүүхдээ хайж байгаа хэсэг хөөрхөн байна. Төгсгөл нь бас үнэхээр хөөрхөн байлаа” гэж хэлсэн.Багш маань үнэхээр урам өгсөн. Тэгээд "Номоо гаргачихлаа, хүссэн моно жүжгээ хийчихлээ. Миний хүү одоо юу хийх гэж байна” гэсэн. Багштайгаа нэлээн удаан ярилцсан. Сэтгэл үнэхээр гоё, өндөр байгаа. Үнэхээр том дээд хэмжээнд биш ч, миний хоёр багш надаар багахан ч болов бахархсан байх.

 

-Жүжигчин болоод анх ямар дүр бүтээж байсан бэ. Анхны юм бүхэн сэтгэлд тод байдаг.

 

-Би бас азтай. 2010 онд сургуулиа төгсөөд Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрт очсон. Оюутны тайзнаас, театрын тайзанд шилжиж байгаа хүн гол дүр авна гэдэг маш том аз. Анх театртаа очоод манай уран сайхны удирдаач байсан соёлын тэргүүний ажилтан Х.Бямбабаатарын зохиол, найруулга "Огторгуйг эзэмдэгч сөөсгөр” гээд хүүхдийн драмын жүжигт хэрэмний дүр бүтээж байлаа. 

Биднийг очиход жүжгийн дүрүүд хуваарилагдсан байсан. Гэхдээ найруулагч ах маань шинэ ирсэн хүүхдүүд өөрсдөө тоглох дүрэээ сонго гэсэн. Мэдээж бидний хэлснээр хийлгэхгүй ч сонсох, үнэхээр чадна гэсэн хүсэл тэмүүллийг харах гээд байна шүү дээ. Тэгээд дахиж дүрээ хуваарилаад, нэг хүн гурван дүр дээр хүртэл нэрээ өгч байсан. Харин би "Хэрэм” болно гэсэн. "Өөр юм бичүүлэхгүй юм уу, чи авч чадахгүй бол дүргүй хоцорно шүү дээ” гэхээр нь "Би хэрэмд л тоглох заяатай хүн” гээд, өөр дүр аваагүй.Би чадна гэдгээ мэдэж байгаа ч дотор жаахан айдас байсан. Миний нэг гоё чанар бол би чадна гэдэг итгэл. Хүн хүсэж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүсэх юм бол заавал тэнд хүрдэг. Тэгээд хэрэмний дүрээ авсан. Үнэхээр жаргалтай байсан. Одоо ч гэсэн тэр жүжиг эргээд тоглогдохоор шинэ юм шиг гоё санагддаг миний анхны дүр. Хайртай.

 

"Би Ромеод тоглох заяатай хүн”

 

 

-Таныг Эрдэнэтийн театрын Ромео гэж сонссон юм байна.

 

-Манай театр, аймгийн Боловсрол соёлын газартай хамтраад "Ирээдүйн үзэгч” зорилтот төсөл хэрэгжүүлсэн юм. Үүнийхээ хэмжээнд Эрдэнэт хотын цэцэрлэгийн хүүхдүүдээс авахуулаад сурагч, оюутнуудад урлагийн боловсрол,  гоо зүйн мэдлэг олгохын тулд олон жүжиг тавьсан. Тэдгээрийн нэг хэсэг "Ромео Жульетта”, "Гамлет”, "Отелло”, "Макбет” гээд дөрвөн жүжгээр сонгодог жүжгийн цоморлог хийж тавьсан.  Тэнд Ромеогийн дүрд тоглосон. Анх яг л хэрэмний дүр авсан шигээ "Би Ромеод тоглох заяатай хүн” гээд авсан.Хүний би чадна, тоглоно гэсэн юманд хэн ч хориг тавьж чадахгүй. Энэ найруулагчийн сонголт. Гэхдээ энэ хүүхэд ийм хүсэл тэмүүлэл, зорилготой юм байна шүү гэдгийг тэр хүн олж хардаг. Дуртай учраас үг нь хэзээ ч мартагдахааргүй ч юм шиг. Зүгээр л Ромеогийн үгийг амандаа хэлчихсэн байдаг.

 

-Сургуулиа төгсөөд л Эрдэнэтийг театрыг зорьж. Уг нь хүмүүс хотод үлдэх сонирхолтой байдаг биз дээ. 

 

-Би Эрдэнэтэд төрж, бага насандаа тэнд амьдарч байсан. Одоо бол манайх Улаанбаатарын айл. Гэр, аав, ээж минь хотод байдаг. Харин би өөрийнхөө унасан амар тайван, чимээгүй, цэвэрхэн газарт очоод амьдарч байна. Хүн чинь бас их сонин юм. Өмчирхөх, миний нутаг гэж бодох сэтгэл нөлөөлсөн байх. Тэгээд 2010 онд сургуулиа төгсөнгүүтээ дөрвөн найзтайгаа нийлээд театртаа очиж ажиллаж байлаа. Тэрнээс хойш өнөөг хүртэл ажиллаад дөнгөн данган таван жил болж байна даа. Орон нутгийн театрт очиж ажиллаад туршлага хуримтлуулаад олон хөлийн газар ирэх бодол байсан. Уран бүтээлийн онцлог тэр. "Олны танил од” гээд сонин ярианууд байдаг шүү дээ тийм зүйлийн төлөө биш. Сайн уран бүтээл хийгээд, сайн уран бүтээлч байх юм бол хүмүүс аяндаа мэддэг болно. Тэрнээс нэг рекламд тоглоод од болох гээд одонцор болдог төгсөгч олон бий шүү.

 

-Тэгвэл Эрдэнэтийн Хүүхэд, залуучуудын театрыг орхиж, нийслэлд ирэх цаг дөхөж байгаа юу?

 

-Би өчигдөр орой өөртөө хамгийн том шийдвэрийг гаргасан. Миний хувьд үнэхээр том шийдвэр. Би орон нутгийн театраас хэзээ ч холдохгүй. Яагаад гэвэл "орон нутгийн” гэх тодотгол миний дургүйг хүргэсэн. Аливаа юм болоход орон нутгийн жүжигчин, дуучин гэх цензур үүсгээд байна. Энэ орон нутагт, Эрдэнэтийн театрт Монголын брэнд болохоор жүжигчин болтлоо би тэмцэнэ. Ийм хатуу шийдвэрийг би гаргасан. Найруулагчдаа хэлэхэд баярлаж байсан. Хөдөөний хүн муу байдаг юмуу, орон нутагт муу уран бүтээлч байх ёстой юм уу. Үгүй гэдгийн төлөө би тэмцэнэ. Тиймээс маш олон зүйл бодож хийх хэрэгтэй. Зөв хор шартай амьдарна шүү.

 

Тансаглалд битгий дас, тэр дэндүү гунигтай

 

-Та юунаас айдаг вэ?

 

-Ямар нэгэн юмыг халтартуулчихвий, хүнийг итгэлийг алдах вий гэдгээс айдаг. Би биш болчих вий гэдгээс айдаг. Өнөөдөр би явж байснаа гэнэт 100 сая төгрөгтэй болоод мөнгө намайг эвдчих вий, би зөв хүн байхаа больчих вийдээ, аав, ээждээ ачлалгүй муу хүү болчих вийдээ. Хамгийн чухал зүйл энэ. Зүгээр байгаагаараа байх хамгийн сайхан юм. Миний жүжгэн дээр гардаг энэ үгийг би өөртөө хандаж хэлдэг юм. Миний айдаг зүйл энэ шүү гээд найруулагчдаа хэлж байсан. Миний гуталтайгаа харьцдаг хэсэг. "Чи өөрийгөө хээтэй, ганган гоё чамин байсан болоосой гэж боддог уу. Үгүй дээ гоо үзэсгэлэнд тайлбар хэрэггүй тэр ямагт харагдаж байдаг. Тансаглалд битгий дас тэр дэндүү гунигтай. Чамайг тоосонд дарагдсан халтар байхад чинь л би жаргалтай байдаг. Харин гоё сайхан болоод олны магнай дээгүүр гишгэлж магтаалд нь хальтрах вий гэдгээс л хачин их айдаг” энийг би өөртөө хэлдэг байхгүй юу. Хүн биш болчих вий миний үзэл санаанд сэв суучих вий гэдгээс хамгийн их айдаг.

"Чи өөрийгөө хээтэй, ганган гоё чамин байсан болоосой гэж боддог уу. Үгүй дээ гоо үзэсгэлэнд тайлбар хэрэггүй тэр ямагт харагдаж байдаг. Тансаглалд битгий дас тэр дэндүү гунигтай. Чамайг тоосонд дарагдсан халтар байхад чинь л би жаргалтай байдаг. Харин гоё сайхан болоод олны магнай дээгүүр гишгэлж магтаалд нь хальтрах вий гэдгээс л хачин их айдаг” энийг би өөртөө хэлдэг байхгүй юу.

 

-Таны саяын хэлсэн мэт чихэнд сонсголонтой, гүн утгатай үгс жүжигт олон удаа гарч байсан. Шүлэг бичдэгтэй чинь холбоотой болов уу?

 

-Миний жүжгийг "Барууны сонгодог жүжиг шиг гоё сонсголонтой юм бэ, хэллэгүүд нь ямар гоё юм. Ном их уншдаг болохоор ийм байгаа байх” гээд хүмүүс бас хэлж байна билээ. Жаахан хэтрүүлэн магтсан байж болно. Гэхдээ надад чимэгтэй л сонсогдсон.

 

-Одоо ямар ном уншиж байна. Ямар ном унших дуртай вэ?

 

-Үнэхээр таалагдсан номоо уншина. Айн Рэндийн зохиолуудад их дуртай. Үзэл бодол, зохиолын санаа нь надтай нэгдмэл санагддаг. Тэр зохиолчийн үзэл санаа юу гэхээр би гэдэг үзэл бодол би л байх ёстой. Би хүнд хайртай болоод, эхнэртэй боллоо гэхэд миний эхнэр хэн нэгнийх байх ёсгүй. Хувийн үзэл гэж байна, хамт олны юм гэж байна тиймүү тэр. Ерөнхийдөө хэтрүүлэн бодохгүй байх хэрэгтэй. Өөрийн өмч гэдэг юм байна тэрнээс би юмаа харамлаад байгаа юм биш. Өгөх зүйлээ өгөх хэрэгтэй. Тиймээс түүнд дуртай. Одоо Франц Кафкагийн "Шүүх ажиллагаа” номыг уншиж байгаа. Дундаа орсон.

 

Энэ агуу ертөнцийг миний өчүүхэн зүйлээр дүгнэчих вий гэдгээс айж, ичдэг

 

 

-Өөрөө "Би гэдэг ард түмэн” шүлгийн номоо өнгөрөгч сард гаргасан байх аа.  

 

-Би мундаг яруу найрагч бишээ. Би энэ олон мундаг хүний хаана нь ч хүрэхгүй гэдгээ мэднэ. Бас өөрийгөө юунд бахархах, үнэлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй шүү. Өөрийгөө хэт дөвийлгөж бодохгүй байх хэрэгтэй. Хэн байгаа билээ гэдгээ мартах ёсгүй.Яахав шүлэг бол миний дотоод ертөнц. Магадгүй миний шүлгээс харсан нэг мөр нь хэн нэгний эндэх гэж байсан юманд нь өөрчлөлт оруулж чадвал маш их талархмаар.

 

-Таны шүлгээс юуг анзаараасай, аваасай гэж хүсдэг юм бол?

 

-Нэг зүйлийг анхаараасай гэж хүсдэг. Би үхлийн тухай шүлэг их сонирхдог. Үхлийн ертөнц, далд ертөнц гээд ярьдаг бид нар мэдэхгүй. Гэхдээ тэрэнд яагаад ч юм бэ итгэхийг хүсдэг. Хүн ямар нэгэн юманд итгэл тавих юм бол найдвар бий болгоод байна аа даа. Аягүй харамсалтай амиа хорлолоо, аллага боллоо гэх юм. Хайран хүний амь. Миний шүлгийг хараад үхлийг зөвлөөд өгчихсөн байна биш, ийм эндэгдэл байна шүү гэдгийг бодоосой гэж хүсдэг. Олон хүн амиа хорлохыг зөвлөчихсөн ч юм шиг гэдэг юм билээ. Хааяа фэйсбүүк, цахим ертөнцөд ийм шүлэг оруулахаар дотны хүмүүс маань фэйсбүүкийн чатаар "Яасан бэ, зүгээр үү” гээд асуух жишээний. Тэгэхэд би зүгээр жаргалтай амьтан сууж байдаг ч юм уу. Тэдний ойлгосон зүйл огт болоогүй байдаг. Гэхдээ энэ бол уран бүтээл.

 

-Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ. Анхны шүлгээ санаж байна уу. Ямар үед шүлгээ бичдэг вэ?

 

-10 жилийн сурагч байхдаа оролддог л байсан. Одоо санаж байгаагаар 2005 он хавьцаа юмуу. Ингээд чамтай яриад суусан чинь есдүгээр ангид байсан үе сайхан жил байсан байна шүү. Мэргэжлийнхээ суурийг тавьсан бас дуртай зүйлээ эхэлсэн байна. Анх аав, ээж хоёртоо зориулж шүлэг бичиж байсан болов уу. Бичсэн юмаа цээжилдэггүй нь миний нэг алдаа байх шиг байгаа юм.

Намар л шүлэг их бичдэг. Сэтгэл санаа тавгүй байх үедээ бас  шүлэг бичдэг. Шүлэг бичнэ гэдэг миний өөрийгөө босгодог зүйл байх л даа. Би өөрийгөө хэт магтуулах дургүй, дөвийлгөж магтах дургүй. "За Мишка минь чи ханах гээд байна уу даа болохгүй шүү” гээд өөрийгөө хэт их дардаг. Тэгээд магадгүй шүлэг бичих миний өөртөө өгдөг зориг урам байх. Гэхдээ би шүлэг уншихаас ичдэг л дээ. Муу, муухай учраас биш. Би нэг шүлэг уншлаа гэхэд яруу найраг, утга зохиол гэдэг энэ агуу ертөнцийг миний өчүүхэн зүйлээр дүгнэчих вий гэдгээс айж, эмээж тийм сэтгэлээр ичдэг.

 

-Намарт дуртай юм уу?

 

-Миний хамгийн дуртай улирал намар. Өвөлд дургүй ээ дургүй. Даарах муухай шүү дээ тиймээ. Даарах муухай. Гэхдээ намрын сэрүүнд даарах гоё байдаг. Албаар цонх онгойлгоод, салхинд даараад суух мэдрэмж бас заримдаа гоё санагддаг. Намар бол хоёрдогч хавар гэх юм хүмүүс. Энэ үгэнд дургүй. Намар бол намар л байх ёстой. Ямар сайхан гээч, ямар үзэсгэлэнтэй, сэтгэл гоё тайван байлгадаг.

 

Амьдрал дээр надад жүжиглээд байх шаардлага байхгүй

 

-Би танаас сэтгэлийн хөдлөл олж харахгүй юм.

 

-Амьдрал дээр надад жүжиглээд байх шаардлага байхгүй. Энэ миний байгаа байдал. Хүмүүс сүүлийн үед буурь суурьтай ч юм шиг болчихож гээд хэлж л байна лээ. Энэ нь надад гоё, тайван амгалан байгаа. Гал цогтой, галзуу, дуу шуутайг уран бүтээлчийнхээ хувьд тайзан дээр хийнэ. Хувь хүнийхээ хувьд сэтгэл хөдлөл тун бага. Баярлах зүйл дээр орилж хашгираад байхгүй "Болчихлоо доо. Ямар гоё юм бэ. Одоо тэгвэл яах ёстой вэ. Тэрийг хийх юм байна шүү” гээд дотроо боддог.

 

-Өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

 

-Нэг шүлэг байдаг юм. Өөрийгөө зоригжуулахдаа би өөртөө хэлдэг байхгүй юу.

Өвдөг сөхөрвөл өөдгүй гэж өөртөө хэлээд

Өмөлзөөд ирдэг сэтгэл минь, өршөөж үзээрэй зүтгэл минь

Сэргэн мандалт маань тархины үрчлээ бүрт

Сэрүүлэгний нам, өндрийн авиа мэт хүрч

Сэрэл мэдрэмж чин үнэнээр эгшиглэн цуурайтаг

Хана хэрэм минь аюулд бамбай болж

Хацар нүүрэнд минь бартаа бүү наалдаг

Дааман хаалгаар минь хөгжил цэцэглэлт цувж

Даруй би цөвүүн хямралаас эдгэх болтугай. Энийг уншиж би өөрийгөө  зоригжуулдаг.

 

-Саваагүй асуулт. Та амьдралынхаа Жульеттаг олсон уу?

 

-Үгүй. Хүмүүс оройтлоо гэж байна. Гэхдээ надад бас бодсон бодол бий. 30 нас хүрэхэд гурван жил үлдлээ. Ганбатын Мишээл гэдэг залуу 30 нас хүрэхдээ өөртөө, бусдад, нийгэмд тустай, хэрэгтэй 30 зүйлийг хийе гэж зорилго тавьж байгаа. Уг нь 25 нас хүрч байхдаа ингэж бодсон. Зарим нь алдагдаад чадаагүй. Гэхдээ хайр сэтгэл гэдэг чинь сэтгэлийн зүйл энэ хугацаанд нүдэнд тусах эмэгтэйтэй учраад амьдралын жамаараа сайхан амьдрал зохиогоод, үр хүүхэдтэй болоод амьдарч болно шүү дээ.

 

-Та юу мөрөөддөг вэ. Гэгээн асуултаар ярилцлагаа өндөрлүүлье хоёулаа. 

 

-Мөрөөдөл их бий. Мөрөөдөх үнэхээр их дуртай. Уран бүтээлээ мөрөөдөх ч юм уу,  ирээдүйн амьдралаа төсөөлөөд гоё, халуун сэтгэл оргилсон үед нойр хүрдэггүй шүү дээ.Хүн нойргүй болтлоо мөрөөдөх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл үнэхээр чухал гэж бодоод байна шүү дээ. Унтах гээд нүдээ аниад бараг үүр хүртэл хөрвөөчих жишээтэй. Мөрөөдөл үнэхээр чухал. Түүнийг бий болгохын тулд уураг тархиндаа тэрийг бүр өнгөтөөр төсөөлж харах хэрэгтэй.

 

 

Б.Будхүү


 zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top