Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудад хэсэгчилсэн шалгалт зохион байгуулахаар болжээ. Энэхүү шалгалтын зорилго нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавигдах MNS 5274-2003 гэсэн стандартыг хангуулах, тус стандартын дагуу төрийн байгууллагуудтай хамтран хэсэгчилсэн шалгалт зохион байгуулах юм байна.
Аймгийн ЗДТГ-ын статистикийн хэлтсээс гаргасан судалгаа мэдээллээр Орхон аймагт нийтдээ 164 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас, тогтмол мэдээллээ өгдөг нь 139 газар байдаг гэдгийг хэлсэн.
Энэхүү стандартад тавигдах нийтлэг шаардлагад 2 тал хууль зүйн үндэслэл бүхий албан ёсны гэрээг бичгээр хийх, Ломбардын газар нь дохиолол хамгаалалтад бүрэн хамрагдаж зээлдэгчийн эд зүйлсийн аюулгүй байдлыг бүрэн хангах, байгууллага хувь хүний нууцыг задруулахгүй байх,зориулалтын баталгаатай тоног төхөөрөмж,хэмжих хэрэгсэл ашиглах, ажлын байр 8,0м2-аас доошгүй талбайтай байх, хүлээж авсан эд зүйлсийг хадгалах тусгай өрөө, сейфтэй байх зэрэг шаардлагууд тусгагдсан байдаг байна.
Харин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд дараах хэд хэдэн зүйлсийг хориглодог. Үүнд зээлдүүлэгч барьцаанд тавьсан эд хөрөнгийг гэрээний хугацаанд дур мэдэн захиран зарцуулах,бусдын бичиг баримтаар үйлчлэх,насанд хүрээгүй хүүхдээс барьцаа авч мөнгө өгөх гэх мэтчилэн зүйлсийг хоригложээ. Тухайлбал зээлдэгч гэрээнд заасан хугацаандаа эд зүйлээ аваагүй тохиолдолд тухайн эд зүйлийг зээлдүүлэгч бусдад худалдан борлуулснаас үүдэн маргаантай асуудал үүсдэг. Энэ нь хуулинд нийцсэн асуудал юм байна.
Хамгийн гол нь зарж борлуулсан үнэлгээг гаргаж ломбард хохирлоо барагдуулан, зөрүү мөнгийг тухайн иргэнд өгөх ёстой байдаг. Ингээгүй тохиолдолд эд хөрөнгийн маргаантай асуудлаар шүүхээр шийдэгддэг. Цагдаагийн газрын тухайд тус стандартын дагуу хяналт шалгалт зохион байгуулах бөгөөд төрийн байгууллагуудаас шалгалттай холбогдуулж аль чиглэлд хяналт хийх вэ гэсэн саналаа тусгах хэрэгтэйг онцоллоо.
erdenetinfo.mn