|

Шарын голын нүүрсийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах гэрээ байгуулжээ

magnai 2015/11/04 803 29

 

Баян-Өндөр сумын гэр хороолол 1600 гаруй өрх айл амьдардаг. Баян-Өндөр сумын тухайд ойн нөөцөөс түлээ бэлтгэх боломжгүй учраас зэргэлдээх сумдаас хэрэглээний түлээг гэрээгээр бэлтгэн оруулж ирж худалдаалдаг. Гэсэн хэдий ч зэргэлдээх сумдаас оруулж ирэх түлээний хэмжээ нийт гэр хорооллын иргэдийн өвлийн түлшийг бүрэн хангаж чадахгүй учраас Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас хямдралтай үнээр нүүрс авах гэрээ байгуулжээ.


Өнөөдрийн байдлаар 25кг нүүрс 5000-6000 төгрөг, 50кг нүүрс 7500-8000 төгрөгөөр, 1 портер машин нүүрс буюу 1 тонн нүүрс 70,000-80,000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Одоогоор шарын голын нүүрсийг 25 кг нь 3000 төгрөг, 50 кг нь 5000 төгрөг байхаар ярьж байгаа ч нүүрсний үнэ эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж. Ямартай ч зах зээлийн үнээс хямдралтай үнээр худалдаалагдана гэдгийг хэллээ. Түүнчлэн нүүрсийг худалдаалах цэгүүдийг тогтоох ажил хийгдэж байгаа бөгөөд ченжээр дамжуулалгүйгээр шууд иргэдэд хүргэх бодлого баримталж байгаа юм байна.

Баян-Өндөр сумын хэмжээнд өнгөрсөн жил нэг шахмал түлшний үйлдвэр, коксжуулсан нүүрсэн түлш үйлдвэрлэдэг мөн 1 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байсан бол энэ жилийн тухайд дээрх 2 үйлдвэр зогссон байдалтай байгаа юм байна. Тиймээс иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд шарын голын нүүрсний тухайд шаталт удаантай сайн чанарын нүүрс гэдгийг онцоллоо. Шарын голоос нүүрс нийлүүлэх ажил ирэх долоо хоногоос эхлэх юм байна.

 

 erdnetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top