|

Гишүүдийг халдаг болъё

saikhnaa 2015/11/25 779 0

Төрийн ордонд УИХ-ын гишүүдийг эрэн сурвалжлахад хүрчээ. УИХ-ын цахим сайт, аливаа асуудлыг шийдэж буй санал хураалтын дүнг харахад харин өөр. Буй гишүүдийн 80-90 хувь нь дэмжлээ гэх өндөр үзүүлэлт дуулдана. Гэхдээ байнгын хороод, УИХ-ын чуулганы ирц дөнгөн данган 60-аас хэтрэхгүй хувьтайгаар хуралдаж байна.

Өчигдөр л гэхэд УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны,
Өргөдлийн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн байнгын хороодын хуралдаан болох байсан ч гурав нь ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй. Ганц хуралдсан нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан. Тов нь 14 цагт эхлэх ёстой байсан ч 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр арай гэж эхлэв.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 19 гишүүнээс 10 ирсэн гэсэн үг. Хэдий ийм тоон үзүүлэлтийг УИХ-ын хэвлэлийн алба цахим хуудсандаа мэдээлсэн ч хэрэг дээрээ тэрхүү ирцийг бүрдүүлэгсдийн тал нь хуралдааны явцад гарч яваад үлдсэн нь шийдвэр гаргасан. Хоёр циймрээрээ харж суухнээ хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж гараад явсан. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Б.Гарамгайбаатараас "Танай намынхан чинь ажил хаялт зарлачихсан юм уу. Бүхэл бүтэн байнгын хорооны хуралдаанд нэг ч хүн ирсэнгүй” гэж зарчим ярьж байсан ч өөрөө хуралдаанаа хаяад гараад явсан болохоор ажил хаялтад нэгдсэн гэхээс өөрөөр ойлгосонгүй.

Иймэрхүү байдалтай л улс орны тулгамдсан, чухал асуудлыг байнгын хороодын нийт гишүүдийн тал хүрэхтэй, үгүйтэй хурлаар хэлэлцэн батлаж байна.

Тэгсэн хэрнээ элдэв төсөв, томилгоо, хуваарилалтын асуудал яригдах болохоор ийм гишүүд байдаг бил үү гэмээр ирц бүрдүүлж оролцоно. Тэгэхдээ өөрөөсөө бусдыг хараан зүхэж, хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоно. Энэ нь ч тэдэнд хуулиар олгогдсон дархан эрх нь. "Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” УИХ-ын тухай хуульд тусгасан болохоор хулгайч, алуурчин, зандалчнаар нь дуудах бол энүүхэнд.

Харин өөрсдөө бол сонгогчдынхоо өмнө хүлээсэн хариуцлагаа үүрэх нь байтугай ухамсарлах нь хол хэвтэнэ. УИХ-ын Б.Наранхүүгээс эхлээд Х.Баттулга гэхчилэн "өдрийн одод” ордонд үе үе гялтаганаад өнгөрдөг.

Хэн, хаана, юу хийж явах нь бидэнд падлийгүй ч бидний эрх ашгийг төлөөлөн сонгогдсон нөхдүүд хийх ёстой ажлаа хийхгүй хэрнээ "Монголчуудын хамгийн том дайсан бол залхуурал” гэж толгойноосоо том юм ярих нь ой гутмаар. Өөрсдийг нь шүүмжлэхээр "Бид гайгүй яваа нэгнээ татсаар байгаад унагадаг ийм муухай зуршилтай” гэж хийж, бүтээгээд байхад нь ойлгохгүйд харамссан хүний дүр эсгэнэ.

Ажлаа хийж чадахгүй байгаатай нь хариуцлага тооцох ганц механизм нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ч өнөөдөр тийм хуулийн боломж байхгүй. Тэднийг ганц түдгэлзүүлэх боломж нь гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилах. Гэхдээ ийм практик манайд байтугай дэлхийд байхгүй.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2006 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт байсан ч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болгосон. Иймээс л намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гээд хувийн ажлаа амжуулж,төрийн ажлыг чөлөөт цагаараа "фитнес” явах замаар хийдэг болчихсон.

Уг нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулсан. Тэрхүү төсөлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гарагсныг УИХ хүлээн авсан тохиолдолд эргүүлэн татах, намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татна гэсэн нэмэлт өөрчлөлтийг тусгасан тухай мэдээлж байсан чтэгэс гээд сураг алдарсан.

УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байгаагийн балгаар Монголд чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, хуулиуд гацаанд орж түүний уршгаар эдийн засаг, иргэдийн амьдрал хүндэрч байна. Өөрсдийнх нь хөрөнгө орлого нэмэгдээд буй болохоор энэ нь тэдэнд нэг их сонирхолгүй.

Тиймээс л тэднийг түдгэлзүүлдэггүй юмаа гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ядаж тоог нь нэмэх шаардлагатай байна. Өнөөдрийн өдөр тумтын хэмнэл, шинэчлэлд зарим талаар чөдөр тушаа болж буйҮндсэн хуулийн заалтуудыг ч өөрчлөх ёстойг цаг үе харуулаад байх шиг.Өөрсдийн чинь сонголт гэхээсээ илүүтэй итгэлийг нь даахгүй бол эргүүлж татдаг, түүгээрээ хариуцлага тооцдог болохгүй бол алийн болгон бухын доодхыг харж үнэг турж үхэх гэж суух билээ дээ.

Л.ХАЛИУ

Эх сурвалж: News.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top