"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш тогтворгүй байгаа энэ үед технологийн шинэчлэл болох ган бөөрөнцөгийн цувих цехийн өргөтгөлийг энэ сарын 23-нд хүлээн авсан билээ. Энэ үеэр үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс дараахь тодруулгыг авсан юм.
-Хоёр жилийн өмнөх үетэй харьцуулбал зэсийн үнэ уналаа. Үйлдвэрийн зүгээс хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Энэ үед цувих цехийн технологийн шинэтгэл хийсний ач холбогдол нь юу вэ?
-Үнэхээр хоёр жилийн өмнө нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 6800 ам.доллар байсан. Энэ оны эхээр 5600 ам.доллар хүртлээ буурсан. Одоо ч бууралт үргэлжилж байгааг та бид сайн мэднэ. Өнөөдөр гэхэд нэг тонн зэсийн үнэ дэлхийд 4600 ам.доллараас дээш гарахгүй байна. Эндээс харвал өнгөрсөн хугацаанд үнэхээр зэсийн үнэ навс унасан. Зэсийн үнэ ханш огцом уналаа гээд бид зүгээр суусангүй. Нэг тонн зэс үйлдвэрлэхэд гарах өөрийн өртгийг бууруулах чиглэлээр үйлдвэрийн удирдлагын баг ажиллаж байна.
-Өнөөдөр нэг тонн зэс үйлдвэрлэхэд ямар хэмжээний өртөг зардал гардаг вэ?
-Хоёр жилийн өмнө нэг тонн зэс 6800 ам.доллар байхад өөрийн өртөг нь 6625 ам.доллар байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэмнэлтийн бодлого баримталсны үндсэн дээр өөрийн өртгийг нь бууруулж чадсан. Одоо нэг тонн зэсийн өөрийн өртөг нь өнөөдрийн байдлаар 5035 ам.доллар болсон. Энэ оны эхний есөн сарын тайланг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн. Тэнд орсон тоогоор дэлхийн зах зээл дээр одоо нэг тонн зэс 4600 байгаа энэ үед нэг тонн зэс боловсруулах үнэ 5035 ам.доллартай тэнцэнэ. Үүнээс дүгнэхэд үйлдвэр алдагдалтай харагдана. Гэхдээ ямар ч байсан манай үйлдвэрийн хамт олон хоёр жилийн хугацаанд нэг тонн зэсийн өөрийн өртгийг 1100 шахам ам.доллараар бууруулж чадсан.
-Өнөөдрийн ган бөөрөнцөг цувих цехийн технологийн шинэчлэлийн давуу тал юу вэ?
-Энэ цехийн хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах фабрикийн ган бөөрөнцөгийн хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах зорилготой. Ингэснээр гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасган үйлдвэрийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой. Техник, технолгийн хувьд шинэчлэгдэж байгаа. Өмнө нь энэ цех дизель түлшээр ажилладаг байсан бол өнөөдрөөс эхлэн нүүрс хийжүүлэх хоёр зуухыг ашиглалтад орууллаа. Дизель түлш хийжүүлсэн нүүрсний үнийн зөрүүнээс манай үйлдвэр жилд хоёр тэрбум төгрөг хэмнэнэ.
-Хэмнэлтийн хувьд олон зүйл дээр ажиглагддаг. Тэр дундаа томоохон хэмнэлтээс дурдвал?
-Хоёр жилийн өмнө 6625 ам.долларын өөрийн өртөгтэй нэг тонн зэсийн үнийг буурууулахын тулд манай хамт олон бүгд санаачлагатай, идэвхтэй ажилласан. Хүн бүрийн оролцоо байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнээс биш дарга нь ч юм уу хэн нэг хүн хэмнэх гээд бусад нь хараад суугаагүй. Үйлдвэрийн бүх ажилчид энэ хэцүү цаг үеийг даван туулахын тулд хичээж ажилласан. Өнөөдөр импортоор авдаг гол түүхий эдийн нэг болох "Белаз”-ын дугуйны үнэ 27 мянган ам.доллар болсон. Япон улсад үйлдвэрлэдэг "Бирджстоун”-ы "Белаз”-ын дугуй хоёр жилийн өмнө зуучлалын компаниар дамжуулан 42 мянган ам.доллараар ирж байсан. Одоо бид үйлдвэрийнх нь үнэ болох 27 мянган ам.доллараар худалдан авч чадаж байна. Энэ бол ихээхэн хэмнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ мэт олон зүйл дээр үйлдвэрийн хамт олон хэмнэлт хийж чадсан. Манай хамт олон гадны үйлдвэрлэгчдээс яаж үйлдвэрийн үнээр нь бараа бүтээгдэхүүнийг нь авах вэ, өөрсдийн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээ яаж хямд өртгөөр гаргах вэ гэдэг дээр гар сэтгэл нийлэн ажиллаж байна.
Техник, технологийн шинэчлэл хийгж байгаа ган бөөрөнцөгийн цувих цех нь Итали улсын "Даниел центро машин” нэгдлийн MS64 тононг төхөөрөмжөөр тоноглогдож байгаа аж. Ингэснээр жилдээ 50 мянган тонн 40, 60, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай болж, Баяжуулах фабрикийн нийт хэрэгцээний 90 хувийн хангах хүчин чадалтай болж байна. Тус цехийн бэлдэц халаах зуух өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй 10 тн дизель түлшээр халаадаг байсан бол нүүр хийжүүлэх хоёр зуух ашиглалтад оруулснаар технологийн хувьд илүү дэвшилттэй болжээ. Технолгийн дэвшилд энэ онд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан бол тэрхүү хөрөнгө оруулалтаа ганцхан жилийн дотор нөхөж чадахаараа бусдаас давуу гэдгийг инженер техникийн ажилчид онцолсон юм. Технологийн шинэчлэлийн хүрээнд нэг тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртөг 33 хувиар буурах бол дизель түлшний үнийн зөрүүгээс гарах хэмнэлт нь хоёр тэрбум төгрөг хэмнэх юм байна.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2015 онд жилд 60 орчим тэрбум төгрөгийн ган бөөрөнцөгийн бэлдэц импортоор авдаг байжээ. Харин 2013 оноос үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлсэний үр дүнд 2012, 2013 онд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 82 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж үйл ажиллагааг нь дэмжин ажилласнаар хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нөхцөл бүрдсэн байна. 2013 онд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс 22.6 мянган тонн бэлдэцийг 47 тэрбум төгрөгөөр, 2014 онд 22.6 мянган тонн бэлдэцийг 35 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь импортын үнэтэй харьцуулахад "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 38 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан үр дүнтэй ажил болжээ.
Н.ТӨР