|

Зургаадугаар сарын 30-нд дэлхийн цагт 1 секундыг нэмнэ

bayaraa 2015/01/28 9479 1802

Зургаадугаар сарын 30-нд дэлхийн цагт 1 секундыг нэмнэ

 

 Бидний хэрэглэж байгаа цагт 1 секунд нэмэх гэж байна. Үүний ач холбогдлын талаар Стандартчилал хэмжилзүйн газрын Цаг давтамжийн эталон лабораторийн мэргэжилтэн Г.Батзаяатай ярилцлаа.

-Бидний өдөр тутамдаа мөрддөг цагт 1 секунд нэмнэ гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглах төв гэж бий. Тэндээс дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглаад олон улсын цагтай харьцуулаад зохицуулдаг. Ингэж харьцуулах явцад тэнхлэгийн эргэлтийг ажиглах төвийн цаг 0.9 секунд хүртэлх зөрүүтэй болбол тухайн жилийн  зургадугаар сарын 30, эсвэл арванхоёрдугаар сарын 31-нд нэг секундыг нэмдэг. Гэхдээ жил бүр нэмдэг гэсэн үг биш. Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглаж байгаад секунд нэмэх эсэхээ шийддэг. Өмнөх жилүүдийн туршлагыг харж байхад хоёр жилд нэг удаа нэмэгдээд байна.

-Энэ жилийн хувьд хэзээ нэмэх вэ?

-Ирэх зургаадугаар сарын 30-нд нэмэхээр болсон.

-Улс орнууд хоорондоо цагийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдсэн байдлаар яаж нэмэх вэ?

-Цагийн зөрүүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Бүх улс орнууд Олон улсын цагийн хуваарийг мөрддөг. Жишээ нь Олон улсын цаг 59 секунд гээд 00 болдог. Яг 59 секунд дээр ирэх үед шууд 60 болгож тохируулснаар секунд нэмж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд олон улсын цагийн хуваарийг авч өөрийн цагтай харьцуулна. Тиймээс манай улсад автоматаар тохиргоо хийгдээд, нэг секунд нэмэгдэнэ гэсэн үг.

-Хамгийн сүүлд хэзээ ингэж секунд нэмж байсан бэ?

-Хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд секунд нэмсэн.

-Иргэдийн хувьд ямар нэг өөрчлөлт гарах уу?

-Огт гарахгүй. Дэлхий нийтээр цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулж байгаа. Тэр нь автоматаар зохицуулагдана.  Тэрнээс биш иргэдэд ямар нэг өөрчлөлт үүсэхгүй.

-Спортын тэмцээн уралдаан ч юмуу, секунд, долиор хэмжигддэг газар яах вэ?

-Тухайн улсын цагийн лабораториудаас цагийн хуваариа авч байгаа. NTP сервер гэж бий. Түүнийг интернэтээр дамжуулан авдаг.

-Дэлхийн бүх улсууд ингэж цаг нэмдэг үү?

-Тийм. Олон улсын зохицуулсан цаг гэж бий. Төв нь Францад байдаг. Энэ олон улсын зохицуулсан цагт дэлхийн бүх улсууд хамаардаг. Тэгэхээр бүгд секунд нэмдэг гэсэн үг.

-Ер нь нэг секундийн ач холбогдол юундаа байна вэ?

-Нар сарны зохилдлогоо, цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулах л ач холбогдолтой. Ер нь цаг тооллоо секунд доль алдалгүй зөв барьж явахын тулд ингэж байгаа.

-Анх хэзээнээс секунд нэмж эхэлсэн бэ?

-Анх 1972 онд секунд нэмсэн. Одоогоор 25 удаа секунд нэмээд байна.

eagle.mn


URL: http://www.fact.mn/204190.html

Санал болгох

Сэтгэгдэл

top