|

Гахайн хороо, тахиан байр л дутуу... (балчир насны цагаан сар)

saikhnaa 2016/02/16 578 0

Гахайн хороо, тахиан байр л дутуу...  (балчир насны цагаан сар)

 

Цагаан сараар тэр болгон аав ээжтэйгээ айл хэсч байсангүй, өөрсдөө л гараад өгдөг байсан. "Ямаршуу нөхөд явж байсан бол" гэж бодох тусам инээд хүрэх юм. 
Гудамжны захаас эхлээд л явна даа. Эзгүй түгжээтэй байсан айлыг, нохойноос нь айгаад орж чадаагүй айлаа эргэсээр байгаад ордог байж билээ. Сумын төвийн айл цөөхнийг хэлэх үү. Нийлээд хэрэндээ дарвичихсан яваа нөхдийн шийдэмгийг хэлэх үү. Хөдөө суурингийн цагаан сарын соёл нь ёстой ямар ч "цензургүй" хэснэ шүү дээ. Тэр л араншинг дагаж байсан нь тэр. Өгч, авдаг, өгсөн авсан аль аль нь өегшдөг, тэр тусмаа хүүхэд их хөөрдөг, баярладаг баяр юмаа даа, эргээд бодож байхад. Багад бол дээл гэхээсээ пальто голдуу өмсдөг байлаа. Нэг тор барьчихна хэ хэ. Ихэнхдээ дэвтэр, зургийн дэвтэр, дээр нь шугам, үзэг, харандаа, баллуур, аяга, сойз, печенье, чихэр, вафли... Хамгийн гол нь мөнгө, нэг төгрөг, гурван төгрөг, за таван төгрөг өгөх айл нь тодорхой цөөхөн. Мөнгөө тоолоод л янзын юм болно хэ хэ. Хэсэж шувтрах дөхөөд бие биеэсээ асууна, "дууссан уу" гээд л. "Гахайн хороо, Тахиан байр л дутуу" гэцгээнэ. Бичиж суухдаа инээд хүрэх юм. Ядаж байхад нэр нь их жигтэй байсан байгаа юм.
Сумын төвөөс багахан хойшоо Гахайн хорооны хэдэн айл, дэргэд нь шахам Тахиан байрны хэдэн айл байна. Гахай, тахианы жижиг аж ахуй, тэндхийн хэдэн айл төвөөс жаахан зайдуу л даа. Ингээд л Гахайн хороогоор орж, Тахиан байраар дайраад цагаан сарын хэслэг дуусна даа. Нөгөө их хэсч цуглуулсан бэлэгнээс чухалд тооцсон цөөхнөө өөртөө аваад ихэнхийг нь тэгсгээд орхичихно. Харин мөнгийг бол ухаан орох тусмаа "сожоомдох" маягтай. Сар шинэ хуучраад хэзээ хойно, ажил хэргээр хөдөө явах аавын мотоциклд сундлаад айлд ороход гэнэтийн бэлэг санаандгүй авч байсан нь санаанд их тод үлдсэнийг бодоход жил гарсны баяр бүр хөдөөдөө бол бараг жил үргэлжилж байсан ч юмуу. 
Шилжилтийн насны өмнөхнөөс эхлээд хэсэх орох айл цөөрч, ичих нэрэлхэх янзтай. Ангиараа бие биеийнхээрээ хэвлүүхэн хэснэ. Багшийндаа очно. Ах дүүс, дотны хүмүүсээ тооцоолж л очно. Бэлэг ч чанаржиж томорно. Гахайн хороо, Тахиан байр үлддэг болсон. 
Чавга, үзэмтэй бараашиг их эсгэдэг байж. Амтанд нь болж хэтрүүлж хүртсэн сайн эрчүүдийн "шаранд хүрч" байсан паян ч дуулддаг байлаа хэ хэ. Аав, ээж учирлаж хамжааргадаж байсан болохоор мань мэт нь тааруулж байсан юм байлгүй бодвол.

Балчирхан багын дэндүү дэлгэр элбэг, бэлгийн баяртай цагаан сар. Өсөх тусам л том эр болж байгаагаа мэдэрч байсан цагаан сар. 
Одоо бол цагаан саргүйгээр холын садан, нутгийн ахан дүүс, буурлуудтай бүү хэл ойрын төрлүүд ч уулзах нь ховордсон завгүй цаг үед ёстой л холыг ойртуулж, хоёрыг уулзуулан ураг саднаа санаж мэдэлцэх, орж гарах нэгэн сайхан завшаан ч юм.

Гахайн хороо, Тахиан байраа сумын хүүхдүүд дутуу үлдээлгүй хэсэж л байж таараа даа

Зургийн тухай тайлбар хийхэд нагац ах С.Баттогтох маань гэрэл зурагт хорхойсч зураг авч байх үедээ (80-аад онд) үеэл дүү С.Алтансүх бид 2-ын зургийг авсан нь энэ. Иймэрхүү нөхөр л хэсч явж дээ хэхэ. Цагаан сарын бол үед эсгий гутлаа тайлаад, цэмбийж явсан л даа. Манай Алтансүх мянгат малчин, Алтан төлийн эзэн, мундаг хөдөлмөрч, сайхан эр бий.

Санал болгох

Сэтгэгдэл

top