|

Жаргалант сумын “Эко хороолол”-д амьдрах 100 айл газраа авчээ

saikhnaa 2016/02/22 999 0

Жаргалант сумын “Эко хороолол”-д амьдрах 100 айл газраа авчээ

 

Өнгөрсөн 2013 оноос манай аймгийн Жаргалант суманд "Эко” хороолол төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүийн хүрээнд тус суманд инженерийн шугам сүлжээнд холбогдсон өөрийн эзэмшлийн газартай 172 айлын амины орон сууц бий болох юм. Өнгөрсөн хугацаанд уг төсөлд орон нутгийн төсвөөс нийдт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

Уг хөрөнгө оруулалтаар 100 айл инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон буюу цэвэр, бохир ус болон цахилгаан дулааны эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд байна. Мөн гадаах гэрэлтүүлгийн ажил хийгдсэн байна. Тус хороолол нь Жаргалант сумын нутгаар дайрч өнгөрдөг нийслэлийн чиглэлийн зам дагуу баригдах бөгөөд нийт 15 га газрыг хамрах юм.

Өөрөөр хэлбэл нэг айл 0.7 га газрыг өмчилж байшингаа өөрийн хөрөнгөөр барина. Айлуудын хувьд Жаргалант сумын "Эко” хорооллын хашааг худалдан авч байгаа юм байна.

Тодруулбал, Хашаа барих ажлыг гүйцэтгэсэн "Сүндэрлэх сууц” компанид 3.8 сая төгрөгийг айл бүр төлсөн байна. Одоогоор бэлэн болоод байгаа буюу инженерийн шугам сүлжээнд холбогдсон 100 өрхийн газрыг айлуудад олгоод дууссан байна. Газар олголтын хувьд тал хувь нь Жаргалант сумын үлдсэн хэсэг нь Баян-Өндөр сумын иргэдэд очсон байна.

Эдгээр айлуудын амины орон сууцаа энэ хавраас барьж эхлэх бөгөөд энэ онд багтаан 100 хувь дуусгахаар төлөвлөж байгаа гэж Жаргалант сумын ЗДТГ-ын дарга хэллээ. Одоогоор орон сууцуудын загвар хийцийг өрхүүдтэй зөвшилцөж байгаа юм байна.

Харин үлдсэн 72 айлын газрыг инженерийн шугам сүлжээнд холбох хөрөнгийн асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа юм байна. Дээрх газрыг инженерийн шугамд холбоход төв шугам суурилуулах шаардлагагүй тул өртөг бага орно гэж холбогдох албан тушаалтан нь хэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top