|

Ипотекийн хүүг тав болгож бууруулахын даваан дээр "гацаав"

saikhnaa 2016/03/03 554 0

 

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж, арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод байсан цаг саяхан. Тэгвэл Монголын банкуудын холбооноос УИХ-ыг хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл ипотекийн зээлийг хэвийн олгож болох тухай хүсэлт тавьсан. Энэ дагуу УИХ-аас орон сууцны зээлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн юм.

Мөн найман хувийн хүүг тав болгож бууруулах ч боломжтой гэдгийг өнгөрөгч нэгдүгээр сард ярьж байлаа. Тодхон санаж байна. УИХ-ын дарга З.Энхболд "Онолын хувьд 8 хувиас доош бууран бүрэн боломжтой болсон” гэж мэдэгдэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн мэдээг баталж, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын ипотекийн корпорацийн /МИК/гүйцэтгэх захирал Д.Гантөгс "хүлээн зөвшөөрч” байсан.


Ер нь ипотекийн зээлийн хүүг бууруулснаар шинээр орон сууц хүсэх иргэдийн хувьд өндөр орлоготой байх шаардлагагүй. Мөн сар бүрийн төлөлт багасна гээд олон давуу талууд бий болох байв.

"Таван хувийн хүүтэй болгох боломжтой юу. Өмнө нь авсан иргэдийг хамруулах уу. Банкууд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд УИХ-ын дарга З.Энхболд Монголбанк, Монгол банкны холбоо зэргийн төлөөллийг урдаа байлцуулж байгаад "Моргейжийн зээл бол өөрөө их уян хатан байдаг. Таван хувь руу шилжлээ. Тэгэнгүүт бүгд үүнд хамрагдах гэнэ. Үүнийг хориглох ямар нэгэн зүйл байхгүй. Мэдээж тав болчихоор орлого буурна. Монголбанк нүдээ аниад өнгөрөөх хэрэгтэй. Тэгэхээс ч өөр аргагүй” гэж хариулж байлаа.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболдын дээрх мэдэгдэл 360 градус эргэчихээд байна. Яагаад гэж үү. Яагаад гэвэл УИХ-ын даргын хэлсэн үг бүрийг толгой дохин хүлээн авч байсан Монголын банкны холбоо өнөөдөр тэс өөр зүйл ярих боллоо. Тодруулбал,Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон гэгч "Банкууд зээлийн хүүг бууруулах ямарч боломж байхгүй”гэсэн мэдэгдэж хийгээд явж байна.

Уг нь "дөрөвдүгээр сараас найман хувийн хүү тав болж буурна. Улмаар өмнө зээлд хамрагдсан иргэд хүүгээ бууруулж шилжинэ” хэмээн найдаж суулаа. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч О.Орхон нарын мэдэгдэл зөрж байгаагаас шалтгаалж, ипотекийн асуудалд мөн л "гацаа" үүсэх нь дээ.

 

Амар

Санал болгох

Сэтгэгдэл

top