Иргэдийн хамгийн их итгэл хүлээсэн Хаан банк "Экспресс банк” хэмээх үйлчилгээ нэвтрүүлж, бэлэн мөнгө, үйлчлүүлэгч нартай харьцдаг теллер хэмээх ажлын байрыг үгүй болгож байгаа билээ. Үүний улмаас тус банк хэдэн мянгаар тоологдох теллерүүдээ 200, 200-гаар нь халж эхэлжээ. Ингэхдээ эхний 200 теллерийг халж, чимээ шуугиангүй болонгуут дараагийн ээлжний 200 теллерийг халж байгаа аж. Ингэж 200, 200-гаар нь аажмаар халсаар хэдэн мянгад хүрэх теллерүүдээ бүгдийг нь халах гэнэ. Гэхдээ Хаан банкны удирдлагууд халагдаж буй теллерүүдээс өөрийн үзэмжээр цөөн хэдийг нь авч үлдэн өөр ажлын байранд ажиллуулах маягаар дотооддоо "шингээж” байгаа аж.
Товчхондоо, Хаан банк теллер гэх ажлын байргүй автомат ажиллагаатай, алсын удирдлагатай болж байгаа нь зардал багатай, мөнгө хүүлэгч "машин” болж байгаагийн илрэл юм. Тэгвэл "машин” л хойно хүнийг яаж гүйцэхэв, алдаа гаргаж үйлчлүүлэгчийн 10 мянган төгрөгийг "тоншчээ”. Хаан банкны хурдан шуурхай найдвартай гэх тодотголтой "Экспресс банк”-ны автомат машин иргэний 10 мянган төгрөгийг ингэж залгижээ. Тухайн иргэн энэ сарын 14-ний өдөр ажлын байран дээрээсээ яаралтай ажил гараад гарахдаа ажлынхаа хүнээс 20 мянган төгрөг аваад гарчээ.
Ингэхдээ задлуулаад 10 мянган төгрөгийг нь өгөх ёстой байж. Очиж амжихгүй байсны улмаас 10 мянган төгрөгийг ажлынхаа хүний данс руу Багшийн дээдийн Хаан банкны "Экспресс банк” салбараас шилжүүлжээ. "Экспресс банк”-ны орлого хийж болдог АТМ дээр очоод 10 мянган төгрөгийг өөрийн данс уруу оруулаад, тэндээсээ нөгөө хүнийхээ данс руу шилжээд гарчээ. Ингээд шилжүүлчихлээ хэмээн хэлсэн ч ажлынх нь хүн нь бүтэн цагийн дараа ч ороогүй гэдгийг хэлжээ. Гайхширсан иргэн өөрийн Хаан банкны дансыг шалгатал 10 мянган төгрөг ороогүй байжээ.
Ингээд 10 мянган төгрөг ажлын хүний Хаан банкны данс руу ч тэр, өөрийнх нь данс руу ч тэр ороогүй болохыг мэджээ. "10 мянган төгрөг лай” гээд хаях гэтэл ажлынх нь хүн нь Хаан банк руу ярь хэмээн зөвлөсний дагуу ярьтал Хаан банк төвөгшөөх янзтай хэдэн зүйл асуугаад ажлын 3-4 хоногт камер шүүгээд асуудлыг нь шийдэж өгье хэмээжээ. Харамсалтай нь, 3 сарын 14-нөөс хойш бүтэн долоо хоног өнгөрсөн ч 10 мянган төгрөгийг нь буцаан олгоогүй байна. Хэдийгээр 10 мянган төгрөгөө залилуулсан иргэн "За яахав, алдаа гаргаад 10 мянган төгрөг залгиа л биз.
Дэлгүүр ороод задлуулаад аваачиж өгөөгүй нь миний буруу. Яарч сандарч явсан болохоор болчихлоо гээд л гараад явсан” гэж хэлж байгаа ч энэ мэт теллергүйн улмаас зөвлөгөө аван үйлчлүүлэх боломжгүй Хаан банкны орлого авдаг автомат машинууд иргэдийн мөнгийг 10 мянга гэлтгүй мянга, зуу мэтчилэн бага сагаар нь тоншоод, хумслаад байвал хэцүү л юм. Тэр бүгдэд хариуцлага хүлээх эзэн байхгүй. "Машин алдаа гаргадаггүй” гээд иргэний алдаа эсвэл "Яах аргагүй л тэдэн төгрөг байсан юм даа, би буруу бодоод байгаа юм байх даа. Юунд суутгасан юм бол. За за ганц, хоёр зуухан төгрөгөн дээр яршиг” гээд л өнгөрөх байх даа.