Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч, 2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлийн удирдлагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 бүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэлснээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ.
Тэргүүлсэн аймгуудын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж, баяр хүргэлээ.
Үнэлгээгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүр 4.47 буюу хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн.
Нийт дүнгээр нь авч үзвэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дундаж үнэлгээ 4.24 оноо буюу 84.8%, хамгийн бага үнэлгээ 4.06 оноо буюу 81.2%, хамгийн өндөр үнэлгээ 4.47 оноо буюу 89.4% хувьтай гарч байгаа нь орон нутгийн Засаг даргын Тамгын газрууд үндсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлж байгааг харуулж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.