Орхон аймгийн нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал ойрын өдрүүдэд "Даваацэрэнтэй, Дангаасүрэнтэй өдрүүд”-ээр үргэлжилж, Монголын анхаарлыг татлаа. УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт хийсэн ажлынхаа нэгээхэн хэсгийг манай аймагт үргэлжлүүлсэн. Уулзалтанд ирсэн иргэдээс "ГОК-ын орлогч захирлуудын еврогоор урамшуулал авсан тухай, Улаанбаатарт өндөр үнэтэй орон сууцаар хангагдсан талаар асуухад”, дуулиан болоод буй энэ асуудалд "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх удаа тайлбар өгсөн юм. Том үйлдвэрийг удирдаж яваа хүний зангарагтай үг энэ удаа танхимд байсан хүмүүсийн талархлыг хүлээхүйц уур амьсгал төрүүлсэн. "Би энэ ажлыг аваад үйлдвэрийг шахааны бизнесээс салгая, шинэ санаачлага дэвшүүлье гэж хоёрхон зүйлийг багийнхаа өмнө хэлээд, амласандаа хүрэх гэж зүтгэсэн. Хоёр жил гаруйн хугацаанд 259 тэрбум төгрөг хэмнэсэн. Хэн нэгэн албан тушаалтан, урлаг, соёлын оддын халаасанд ордог байсан хөрөнгийг хэмнэж, 10 хувийг нь бүх ажилчиддаа хувааж хүртээлээ. Энэ их ажлыг бүтээх гэж нүүрээ улайлгаж явсан захирлууддаа би орон сууц авч өгсөн. Буруутдаг юм бол хариуцлагыг нь би хүлээнэ. Шинэ санаачлага, инновац гаргасан хэнд ч би өндөр урамшуулал олгоно” гэж зоригтой дуугарсан нь нийгэмд үүсээд байсан асуудлын гал дээр ус цацаж, намжаах шиг болсон. Ийм үгийг баргийн хүн хэлэхгүй. "Эдийн засаг хүнд байгаа үед цөөн тооны хүмүүс хэтэрхий тансаглалаа” хэмээн захирлууд өөрийгөө шагначихсан мэт нийгэм хамаг л бухимдлаа ГОК-ын хэдэн захирлуудад гаргасан. Үүнээс харахад, монгол хүний оюуны чадамж, бүтээлч сэтгэхүй, монгол толгойг анх удаа Ц.Даваацэрэн захирал өндөр үнэ хүргэлээ. Цаашдаа "Эрдэнэт үйлдвэр”-т хэмнэлт авчрах шинэ санаачлага, инноваци санаачилсан хүн бүхний өмнө энэ хаалга нээгдэв. Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ч амлалаа.
Орхон аймгийн ЗДТГ Засгийн газрын хэрэг эрхлэх газраас явуулсан үнэлгээгээр улсын хэмжээнд тэргүүлж, Ерөнхий сайдаас батламж гардсан нь энэ долоо хоногийн хамгийн гэгээлэг мэдээ байлаа. "Бөх бүдүүн өвсөнд” гэхчлэн олон таагүй үгтэй хамт 2015 оны хоёрдугаар сард тамгаа гардаж байсан Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн удирдсан хамт олон энэ шагналыг хоёр жил дараалан авч байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрууд 21 аймгаас ийнхүү зургуулаа ажил үйлсээрээ манлайлжээ. Шагнал хүртсэн аймгуудаас Орхон аймаг хамгийн өндөр оноог авч, "дархан аварга”-аар шалгарав. Багш мэргэжлээрээ гурван жил ажилласан нь төрийн албан хаагчийн шалгуурыг давж, аймгийн Засаг даргын суудалд суусан ч Монгол улсын начин цолтой бөх гэдгээр нь олон нийт харж байсан. Аймаг орныг удирдахад заавал эдийн засагч, хуульч мэргэжилтэй, олон хэлтэй байх албагүй. Гагцхүү түмний төлөө гэсэн сэтгэл, төрийн албыг шударга хаах халуун сэтгэл, удирдлагын багаа зөв удирдах нь чухал гэдгийг С.Дангаасүрэн түмэн олонд харуулж чадлаа.
Ийнхүү Орхон аймаг, "Эрдэнэт үйлдвэр”-ийн хүрээнд "Даваацэрэнтэй, Дангаасүрэнтэй өдрүүд” үргэлжилж, Монголын анхаарлыг зөв зүгт татсан өдрүүд өнгөрч байна.