|

Таван толгойн 1072 хувьцаа "Эх орноо зарахад бэлэн байна уу гэдгийг шалгасан" тест боллоо

saikhnaa 2016/05/03 345 0

Таван толгойн 1072 хувьцаа "Эх орноо зарахад бэлэн байна уу гэдгийг шалгасан" тест боллоо


Улс төр менежментийн академийн Ерөнхий захирал Д.Уламбаяр энэ удаад  Таван толгойн 1072 хувьцааны асуудлаар олон нийтэд хандаж өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Монгол  улсын  иргэд,  сонгогчид  танаа

Сайн байна уу.

Таны энэ  өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж байна.

Энэхүү захидал маань удахгүй болох  сонгуультай холбоотой боловч ямар нэг  зар сурталчилгаа бус гэдгийг анхаарна уу. Иймд хэлэх гэсэн санаагаа шуудхан өгүүлье.

Бидний  ярьж заншсанаар "Урт цагаан" хавиар "Таван толгойн хувьцаагаа" зарах гэсэн олон хүн өдөр шөнөгүй эргэлдсээр даруй 10 гаран хоногийн нүүр үзэж байна.

Эндээс дараах гурван  дүгнэлтийг  хийж байна:

1-рт манай аваргууд/төр засгийн өндөрлөгүүд/ сонгуулиас өмнө амжуулан хэн нэгэнтэй  нууц  тохироо хийж Тавантолгойг зарсан. Энэ ул мөрөө саармагжуулах, албажуулахын   тулд нийтийг хамарсан "эмх замбараагүй байдал" үүсгэхээр цаад эзэдтэй нь тохироцож энэ ажиллагааг хийж буй учир өнөөдүүл нь маш зоригтой мөнгө цацаж байна.

2-рт цаана нь хятадууд  байгаа гэдгийг нь мэдсээр байж манай иргэд  өдөр шөнийг умартан 22-ын товчоонд,  эмээлтэд  гээд хаа дуудсан газарт нь  бөөн бөөнөөрөө шавааралдан очиж  байна. Яг л баасан дээр цуглах батгана лугаа адил. Өнгөц  дүгнэхэд энэ сонгуулиар  Монголчууд  саналаа худалдах нь уу, эх орноо зарахад бэлэн байна уу гэдгийг шалгасан  "тест"  боллоо. Хариу эерэг байгааг бүгд үзлээ,  харлаа, сонслоо.  Манай ард түмэн ажилгүй, хоосон ядуу, өртэй, хоногийн хоолгүй  гэсэн үй түмэн  шалтаг тоочиж  эх орноо, газар нутгаа, үнэтэй цэнэтэй бүхнээ  зарахад бэлэн байна.   Ер нь ч бид бүх буга согоогоо, бүх тарвагаа, бүх ан амьтдаа алаад арьс үс, эвэр сүүл засаа, чивийг нь хүртэл тушаачихсан. Одоо бүх ховор нандин ургамлаа, түүхийн дурсгалаа, үлэг гүрвэлийн ясаа, өвгөдийн үнэт өв соёлоо, ахас ихэсийн булш бунханаа зараад дуусч байгаа улс даа. Яалтай ч билээ дээ.

3-рт хууль бусаар, сургаар ингэж хөдөлж байгаа хувьцааны арилжааг зөв эхлүүлж чадсансан бол иргэдийн гар дээр байгаа цаас  амилж мөнгөжин, хөрөнгийн  зах зээлээ дорвитойхон  хөдөлгөөнд оруулчих боломж байсаныг эрх баригчид маань алдчихвуу даа...

Монгол хүн бүр энэ үйл явдлаас улбаалан зарим  зүйлийг  анзаарч  бодоосой  хэмээн   найдаж  үглээ эмгэн лугаа адил хэдэн үг нуршъяа. Хүлцэж сонсох  эсэх нь дээд тэнгэрээс  заяатай Монгол хүн таны хэрэг.

1. Өнгөрсөн, ардчилсан 26 жилийн жилийн хугацаанд бид ходоодондоо их анхаараад толгойгоо  мартчихжээ.  Ходоодондоо захирагдсан толгой хүнийг амьд сүг болгодог нь өнөөгийн бидний байгаа энэ  царай.  Хэзээ ч ханахгүй, хэзээ ч цадахгүй, хэзээ ч бодохгүй, цаг ямагт гоншигнож, цаг ямагт шүүмжилж, цаг ямагт бүгдийг нулмиж явдаг  хар амиа хичээсэн хүмүүсийн бөөгнөрөл.  АНУ-ын тагнуулын газрын эрх бүхий дарга нарын нэг Аллен Даллес гэдэг хүн  "Ардчилалаар далимдуулж бүхэл үе давхаргаар нь ялзруулж ганхуул. Эх оронч үзэлгүй, амиа бодогч бэртэгчдийн бүтэн үе давхрага бий болго. Тэгвэл тэр "новшнуудын" цуглуулгыг амархан залаад дураараа хянаж болно ..." хэмээсний амьд биелэл болсон мэт.

2. Манай оронд эрх дураараа аашилж байгаа хятад, солонгос, вьетнам, канад, америк, авсрталчуудыг хараад үзэн ядахаасаа илүү тэдэнд  атаархах сэтгэл төрдөг. Учир нь тэд тус тусдаа  өөр өөрийн эх орон, ард түмэн, гэр бүл,  амьдрал ахуйтай. Тэд  бидэнд туслах, манай эх орныг, манай байгаль  дэлхийг, бидний түүх зан заншлыг  хайрлан хамгаалах  албагүй. Харин ч богино хугацаанд эндээс ахиухан ашиг олж эх орон элгэн садандаа шилжүүлэхийг л хичээж буй. Үүнээс үзвэл тэд бидний хажууд хамаагүй эх оронч хүмүүс.  Харин бид  өөрт ноогдох өчүүхэн мөнгөний төлөө охид хүүхнүүдийнхээ  өврийг уудлуулж,    улс орноо тонуулж байгаа нь бидний арчаагүйнх.

3. Сүүлийн хэдэн сард Монголын улс төрд өрнөж буй үйл явц, Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэсэн оролдого,  шинэ сонгуулийн хууль,  үндсэн хуулийн цэцийн ааш аяг, албан тушаалын томилгоо , УИХ-д суудалтай намуудын эвлэрэл, эвдрэл, улс төрчидийн яриа хөөрөө байр суурийг харж байхад эд хорлогдсон, эсвэл ховсдогдсон , эсвэл худалдагсан гэдгийг нь    илэрхий анзаарч болохоор байна. Тэдэнд өөр өөрсдийнх нь хар толгой үнэтэй болохоос биш олон түмнээ, улс орноо гэсэн өчүүхэн ч сэтгэл, итгэл алга.

4. Цагдааг  нэг сумд  3-аас дээш жил болохоороо хэрэг илрүүлж чадахаа больдог хэмээн үзэж тогтмол сэлгүүлэн тавьж ажиллуулдаг.  Бага шиг байгууллагын даргын ажлыг нэг  хүн олон жил хийхээрээ ах дүү хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ цуглуулж ажлаа урагшлуулахыг эрмэлзэхэсээ   илүү  өөрийнхөө суудлыг бэхжүүлэхдээ илүү анхаарч эхэлдэг.  АН, МАН, МАХН-ны удирдлагууд   иймэрхүү хурган дарга нар  болж хувирсан. Яаж ч шахаад, шигшээд одоо эд нарын гараас юу ч гарахгүй. Монголын төр яг ийм болсон үедээ цус сэлбэж  улс төрд шинэ хүмүүсийг түлхэн гаргаж ирж байсан. Магад одоо энэ үе ирсэн байна. Яг л 1911 оны Үнэдсний эрх чөлөөний хувьсгал, 1921 онын Ардын хувьсгал, 1924 оны  Бүгд найрамадах засаг, 1930-аад оны их хэлмэгдүүлэлт,  1940-өөд оны Эх орны дайны жилүүд, 1960-аад оны Соёлын довтолгоо, 1970-аад оны Социализмын бүтээн байгуулалт,  1991 оны  Ардчилсан хувьсгал.  Бүгд л эрч хүчтэй цоо шинэ хүмүүсийн хүч оролцоогоор хийгдэж хөгжил дэвшилд хүргэх дараагийн хаалгыг татаж орсон.

5. Шуудхан хэлэхэд  2016 оны сонгуулиар амин хувьдаа ноогдох өчүүхэн ашиг, хоногийн хоолны мөнгөнөөс  саналаа бүү худалдаарай.  УИХ-д суудалтай АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ын ямар ч гишүүдийг бүү сонгоорой. Одоо тэдний цаг дууссан, тэд үүргээ гүйцэтгэсэн, тэд шагналаа хангалттай авсан. Тэдний дунд сайн хүн байж болох боловч сайн тогтолцоог бий болгож чадах нэг ч хүн байхгүй.   Тэднийг албан тушаал, эрх мэдэлтэй нь үлдээвэл  Монголын, бидний үр хүүхдүүдийн  хувь заяанд  тус болохоосоо  илүү гай болно. Иймд үдэлтийн маршаа ёслол төгөлдөр эгшиглүүлж салах ёс хийх хэрэгтэй байна. Гэхдээ сэтгэл дотроо. Монголын төр үеийн үед хэн нэгнээр дутаж үзээгүй.

Олон түмэн минь ээ. Одоо хэдүүлээ дотор, дотроо жаахан юм бодож, ухаажиж, хэрсүүжиж, бас ном уншиж  улс үндэстнээ болон өөрсдийгөө тоож, үнэлж, дүгнэж,  омог бардам харц дээгүүр алхах хэрэгтэй байна.


Иргэн Д.Уламбаяр

Санал болгох

Сэтгэгдэл

top