|

Эрдэнэт үйлдвэр шилдэг татвар төлөгчөөр шалгарч “Хөх дэвтэр”-ийн эзэн боллоо

saikhnaa 2016/05/13 943 0

 

Эрдэнэт үйлдвэрийн 2015 оны ажлын амжилтыг үнэлэн Монголын татварын албаны дээд шагнал "Хөх дэвтэр”-ийн  эзнээр тодруулжээ. Гааль, татварын  ерөнхий газрын дарга Пүрэв тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 13-нд Эрдэнэт хотод хүрэлцэн ирж Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэн энэхүү шагналыг үйлдвэрийн удирдлагуудад гардуулан өглөө.

     Эрдэнэт үйлдвэр 2015 онд улсын болон орон нутгийн төсөвт 343 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн амжилтаар  монгол улсын шилдэг татвар төлөгчөөр  шалгарсан байна. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Эрдэнэт үйлдвэр бизнесийн амжилтаараа бусад компаниудыг манлайлан ажиллаж байгаад талархаж, Монголын төр, засаг Эрдэнэт үйлдвэрийг эх орны эдийн засгийн тулгуур багана хэмээн үнэлж байгааг Гааль, татварын  ерөнхий газрын дарга Пүрэв энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. "Хөх дэвтэр” шагнал гардуулсан албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн хамт олны цаашдын ажилд улам өндөр амжилт хүсэв.
     Монголын татварын албаны "хөх дэвтэр” шагнал үндсэн хэд хэдэн шалгууртай. Тухайлбал, татвар төлөгчид орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаар ногдсон татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлөх, дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зэрэг олон шалгуурыг харгалзан дээрх шагналыг олгодог онцлогтой ажээ. Эрдэнэт үйлдвэр "хөх дэвтэр” шагналын олон шаардлагыг ханган ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямрал үргэлжилсээр байгаа сүүлийн жилүүдэд хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг амжилтаар дээрх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.


Э.Мөнх-Уянга

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top