|

М.БОЛД: “БАЙГАЛЬ” ЦОМОГ МААНЬ ГАРСАН ЦАГААСАА БОРЛУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

marsbold 2016/05/27 771 0

М.БОЛД: “БАЙГАЛЬ” ЦОМОГ МААНЬ ГАРСАН ЦАГААСАА БОРЛУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

 

Борлуулалтаараа тэргүүлж байгаа "Байгаль” цомгийн тухай ярилцахаар "Брос рекордс”-ын продюсер М.Болдтой ярилцлаа. "Дэлхий” хамтлагийн "Байгаль” цомог "Савдаг”, "Үүл”, "Үр”, "Цэцэг”, "Тайга”, "Чоно”, "Бүүвэй”, "Байгаль” гэх мэт арван бүтээлээс бүрддэг. Морин хуур, гитар, лимбэ, чило, хийл, саксафон, бөмбөр, даралтат хөгжим, хуучир, цуур, ятга гэх мэт олон хөгжим оролцуулан бүтээжээ. Энэхүү цомог нь дуу бичлэгийн орчин цагийн дэвшилтэт аргыг монгол ардын хөгжимтэй хослуулан зохиомжилсон онцлогтой.

 

-"Ертөнц”, "Байгаль” гээд эхний хоёр цомог гарсан. Цаашдаа хорин жил үргэлжлэх төсөл гэж та ярьсан байна лээ?

-Манайх "Брос рекордс” гэж хөгжмийн компани. Энэ компани яагаад байгуулагдсан гэхээр бид Монголын нэртэй хамтлаг дуучидтай хамтарч ажилласан. Өөрсдөө юм хийх ёстой юм байна. Олон улсын зах зээлд гарахаар юм хийх ёстой юм байна гэж шийдсэн юм. Тэр нь юу байх вэ гээд судалж эхэлсэн. Олон улсад гарахад хамгийн том асуудал хэл байдаг. Урлагийн төрлүүдээс уран зураг, бүжиг, хөгжим хэл яриагүйгээр хэнд ч ойлгогдоно. Бидний хийж чадах юм хөгжим учраас хөгжим бүтээхээр шийдсэн юм. Хөгжим нь ямархуу байх ёстой юм гээд дараагийн асуулт гарч ирсэн. Орчин үеийн хүмүүсийн сонирхож болох хөгжим юу вэ. Дэлхийн өчнөөн олон хүн хөгжим хийж байгаа. Гол ондооших юм маань бидний язгуур урлаг, өвөг дээдсийн үлдээсэн өв соёл. Бид мартагдах шахсан ардын хөгжмүүдээ судлаад, хамгийн эхний "Ертөнц” цомгоо 2009-2013 оны хооронд хийсэн юм. Энэ цомогтоо бид ховис гэж хөгжмийг сэргээж оруулж ирсэн байгаа. Ховис нь Түрэгийн үед их дэлгэрч байжээ. Сүүлд Хубилай хаан Их Юань гүрнийг байгуулаад, Дайду хотод 412 хүний бүрэлдэхүүнтэй том оркестр тоглож байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээсэн байдаг. "Асар” гэдэг бүтээлийг хэдэн өдөр тоглож байсан. Тэр нь дотроо чулуун, арьсан хөгжмийн аймаг гэж тус тусдаа хуваагддаг. Манай Монголын язгуур хөгжмийн зэмсгүүдийг судалж chillout, new age, world music, ethno electronic төрлүүдтэй хольж хийсэн юм. Дээр нь байгалийн дуу чимээ оролцуулсан. Хөгжмийн зэмсгүүдээ сэргээж тоглохоос гадна тоглолтынх нь хэв маяг манай ардын хөгжим тоглодог аргуудаас өөр маягаар, гэхдээ аялгуу эгшиг нь дуурьсаж байхаар найруулсан юм. Бид анхнаасаа дэлхийн зах зээлд монгол хөгжим танилцуулъя, дэлгэрүүлье гэж шийдсэн. Том санаа нь бол соёл урлагаар байлдан дагуулах гэж нэг юм бий.

-Дараагийн цомгийн санаа тодорхой болчихсон уу?

-Тодорхой. Бүр анхнаасаа үүнийгээ зарласан. Манай шоу бизнес дэлхийн түвшинд өндөр хөгжиж чадаагүй. Шоу бизнес гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Бидний дискийг дэлхийн хэмжээний том хөгжмийн компани сурталчилбал ганц цомгоороо ч маш амархан гарчихна л даа. Бид таван сум гэдэг шиг хүчээ нийлүүлээд, таван цуврал цомог гаргая гэсэн юм. Энэ таван цуврал цомгоо "Ертөнц” гэдэг төслийн дор хийе гэж төлөвлөсөн. Үндсэн таван өнгө байгаа шүү дээ. Хадаг ч таван өнгөтэй, таван махбодь ч гэдэг, таваар цогцолж байдаг. Хөх өнгөтэй "Ертөнц” цомог хамгийн эхнийх. Энэ нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн.Хоёр дахь нь ногоон өнгөтэй "Байгаль” цомог хийе гэсэн. Нэрнээсээ эхлээд байгаль дэлхийг дуулж байгаа юм. Эцэг тэнгэр, эх дэлхийн тухай хоёр цомог гаргачихлаа. Дараагийн удаа улаан өнгөтэй "Гал” цомог байна. Энэ нь хүнийг бэлгэдэж байгаа юм. Хүн бол бусад амьтнаас ялгаатай нь оюун ухаантай. Гэгээрэл, оюун ухааныг бэлгэдсэн цагаан өнгийн цомог бас бүтээнэ. Төслийнх нь нэр "Орчлон” гэж яваа. Шар өнгө нь сүсэг бишрэл. Хүн оюун ухаантай ч эцэг эхээ, бурхан шашин, уул усаа шүтэж явдаг. Монголчуудын хамгийн их шүтдэг шашин шарын шашин шүү дээ.

-Эхний хоёр цомог нь хамгийн их борлуулалттай цомгоор аль хэдийнэ шалгарчээ?

-"Ертөнц” цомог маань 2013 оны хамгийн их борлуулалттай цомог болсон батламж нь тэр байна. Ногоон өнгөтэй "Байгаль” цомгоо нэгдүгээр сард нээсэн. Гарснаасаа хойш долоон долоон хоног борлуулалтаараа тэргүүлж байна.

-Хэдийгээр нэг их реклам сурталчилгаа цацахгүй байгаа ч хүмүүс мэдээд сонгоод байна гэдэг чухал?

-Аливаа уран бүтээл олон хүнд хүртээмжтэй, хэрэгцээтэй байх ёстой. Худалдан авалт гэдэг хамгийн бодит дүгнэлт байдаг шүү дээ.

-Надад нэрнүүд нь их сонирхолтой санагдсан. "Дэлхий” хамтлаг, "Ертөнц” "Байгаль” гэхээр хэтэрхий ерөнхий, амбицгүй, ердийн юм шиг мөртлөө философилог ч юм шиг сонсогдож байна. Бусдаас ялгарах гээд хурц тод, содон нэрнүүд өгдөг шүү дээ?

-Ер нь эд бүгд философи. Бидний ч юм биш манай өвөг дээдэс, бурхан шашин, тэнгэр үзэл бүх л юмны философи шүү дээ. Эх дэлхийгээ хайрлая, оюунлаг, гэгээлэг байя гэсэн утга санаатай. Бид илэрхийлээд гаргаж байгаа ч бидний ард эрдэмтэн мэргэд, хөгжмийн том зүтгэлтнүүд, зохиолчид гээд маш олон хүн бий. Бид өөрсдөө санаагаа гаргаад тэдэнтэй ярилцана, судална.

-Надад байгалийн дуу чимээ маш их таалагдсан. "Эмчилгээний хөгжим болжээ” гэж нэг сэтгэл зүйч дүгнэсэн байна лээ. Шувуудын жиргээ, борооны чимээ гэхэд л маш их тайвшрал өгдөг?

-Дэлхий дахинаараа хэт хөгжлийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад хүн өөрийгөө алдчихаж байгаа юм л даа. Утас, зурагт, хотын стресс дунд байгалийн чимээ сонсогдоход бүх нүргээнээс ангижраад, өөртэйгөө орших нөхцөл бий болно.

-Хүн хөгжил дэвшил, технологиор амьсгалж, хэдэн мянган жил амьдарсан ч байгалийн амьтан хэвээрээ үлддэг юм байна?

-Дуу хөгжим гэдэг байгалийн дуу чимээг дуурайж бий болсон шүү дээ. Салхины чимээг дуурайгаад исгэрээд, исгэрээнээсээ лимбэ бишгүүр, малынхаа арьсыг цохиж нүдэж байгаад хэнгэрэг хийсэн. Хөгжим бол хүний сэтгэлд хүрэх гол түлхүүр гэж эрдэмтэд хэлсэн байдаг.

-"Чоно” гээд хөгжим байна лээ. Археологич Г.Эрдэнэбаатар "Хүннүгийн үеийн дуу хөгжмийн тухай сурвалж бичигт Хүннүгийн дуу хөгжим гэдэг чононоос эхтэй юм байна” гэж тэмдэглэж үлдээсэн гэж хэлсэн?

-Монголын нууц товчоонд ч "Монголчуудын уг гарвал хөх тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал” гэж тэмдэглэж үлдээсэн. Чингис хаан гэхэд мянганы суут хүн. Энэ хүмүүсийн түүхэнд ингэж бичиж үлдээсэн болохоор бид энэ цаг үед заавал эрхэмлэж гаргаж ирж, хүмүүсийн анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талаасаа монголчууд чоныг хийморь, лүндаа, урваж шарвадаггүй амьтан гэж үздэг. Араатнаас чоныг, жигүүртнээс шонхорыг бид онцолсон.

-Тайгын гүнд байгалийн дуу чимээг бичсэн гэсэн үү?

-Бид энэ хоёр цомгоо дандаа байгаль дээр гарч хийсэн л дээ. Гэр студи байгуулаад, хөгжмөө аваачсан. "Тайга”-ыг бичихдээ Хөвсгөлийн тайгад очиж зураг авсан. Дархад ардын дуу хөгжмийг судлаад, байгалийн дуу чимээг бичиж аваад хийсэн л дээ.

-"Дэлхий” хамтлагийг яаж бүрдүүлсэн бэ. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, "Авьяаслаг монголчууд”-д дээгүүр давхисан лимбэчин Б.Мягмарцэрэн гээд өөр өөрийнхөө чиглэлээр амжилт гаргасан хүмүүс байна лээ?

-Бидний мөрөөдөл нэг. Бүгдээрээ сайхан хөгжим бүтээх дуртай. Өөр өөрийнхөө чиглэлээр мастерууд л даа. Дэлхий дахинд хөгжмөө таниулахыг хүсдэг.

-Хөгжмийн зохиолчид өөр өөр байх уу. Эсвэл өмнөх цомгуудад ажилласан Г.Пүрэвдорж гуай, Г.Онон нартай үргэлжлүүлж хамтарч ажиллах уу?

-"Ертөнц” цомогт хөгжмийн зохиолч, дуучин Г.Онон бид хоёр ажилласан. "Байгаль” цомогт Г.Пүрэвдорж гуай нэмэгдэж ажилласан. Улаан цомог маань харин этно рок төрлийн хөгжим. Харангын Ц.Энхманлай гавьяаттай хамтарч ажиллаж байгаа. Бид гаргасан санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын шилдгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Б.Шарав гуайтай бас ажиллаж байна.

-"Монголын дуу хоолой” радиогоор "Байгаль” цомгийн тухай мэдээлэл цацагдахад япончуудаас олон захиа ирсэн юм билээ. Хөгжим дэлхийн хэл гэдэг шиг япон хүмүүс ч бас ойлгоод, үнэхээр сайхан хөгжим байна гээд сэтгэл догдлон захидал бичсэн байна лээ. Өөр орны хүмүүс ингэж хандсан уу?

-Бид олон улсад уран бүтээлээ таниулах сурталчлах, түгээх тал дээр эрчимтэй ажиллаж чадахгүй байгаа. Зарим хүн биднийг гайхаад байдаг л даа. Та нар яагаад сурталчилгаа ч хийхгүй, чимээгүй байдаг юм бэ гэдэг. Бид ажлаа хийчихээд, тэр нь хүмүүст таалагдаад, биднийг эрж хайгаад ирэг л дээ. Тэгэхэд нь л бид бэлэн байя. Юу ч хийгээгүй байж бид ийм юм хийх гэсэн юм, тэдэн төгрөг өгөөч гээд явах хэрэггүй гэж боддог. Цомгоос гадна тоглолт хийнэ. Тоглолтоо олон газар, олон тайзан дээр хийж, Монгол гэдэг нэрийг гаргаад л явна. Дэлхийд цацна гээд зүгээр л цацчихдаг юм биш. Эхлээд аль цэгт хүрэх вэ тэр зах зээлтэйгээ боломжоороо ажиллах учиртай. Бид дорнын хүмүүс. Зүүн Азийнхан хөг аялгуу ойролцоо, хөгжмийн зэмсгүүд нь өөр өөр нэртэй боловч төстэй. Дорнын сэтгэлгээ ойролцоо учраас эхлээд Япон, дараа нь Хятадын зах зээл рүү өөрсдийнхөө мэдээллийг идэвхтэй явуулахыг хичээж байгаа.

-Хятадуудын зүгээс ямар нэг сэтгэгдэл илэрхийлсэн үү?

-Хятад, япон хүмүүсийн соёл, амьдрах орчин, өөрсдийгөө илэрхийлэх байдал нь өөр л дөө. Хятадууд ихэвчлэн шууд худалдан авалт хийдэг. Хятадад тоглолтоо хийх, хамтарч уран бүтээл хийх талаар ажиллаж байна. Японд ч өөрийгөө таниулах цаашилбал тоглолт, хөгжмийн наадмуудад оролцох гэх мэтээр хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Бид хийгээгүй ажлаа ярих дургүй. Хийчихээд үзүүлэх дуртай.

-Цомгуудаа яаж санхүүжүүлж байгаа вэ. Борлогдсон бүтээгдэхүүнийхээ орлогоос дараагийн уран бүтээлээ санхүүжүүлдэг юм уу?

-Ер нь энэ цомгуудыг хийх гэж бид амьдралаа зориулаад явж байна даа. Бид өөрсдөө дуу, хөгжмийн бизнес хийдэг хүмүүс. Нэг уран бүтээлдээ яагаад цаг их зарж байна гэхээр мөнгө төгрөгтэй холбоотой.

-"Байгаль” цомгоо гурван жилийн турш хийсэн гэсэн үү?

-"Ертөнц” цомгоо дөрвөн жил, "Байгаль” цомгоо гурван жил хийсэн. Нэг ажил хийгээд жаахан мөнгө олоод, түүнийгээ цомогтоо зарцуулах маягаар л явсан даа. "Байгаль” цомог дээр "Хужирт” гэж цэвэр байгалийн эрдэст усныхантай ажилласан. Бидний ажлыг ойлгодог, дэмждэг хүрээлэл бий. Тэд маань их тусална даа.

-Танай цомогт хобис гэж хөгжмийн аялгуу эгшиглэсэн гэсэн. Энэ хөгжмийн тухай тодруулж яриач?

-Хобис чавхдаст хөгжмийн төрөлд орно л доо, дөрвөн утастай. Янжинлхам бурханы өвөр дээр байдаг хөгжим шүү дээ. Монголчуудын хувьд мартагдсан хөгжим. Саяхан "Алтай ятга” гээд сэргээн гаргаж ирж л байна. Нүүдэлчид гэдэг чинь нүүгээд, цус нь ч, соёл нь ч холилдоод явдаг байсан хүмүүс. Хубилай хааны үед ихээхэн түгж дэлгэрч байсан хөгжим. Ордны найрал хөгжимд тоглогдож байжээ.


 

Одоо бидний үед малын бэлчээрт, айлын хойморт тоглож байсан хэдэн хөгжим маань л өвлөгдөж ирсэн шүү дээ. Энэ хөгжмийг өвөрлөгч ах дүү нар их хэрэглэдэг.

 

-"Ертөнц” цомогт багтсан "Хурай” гээд дууны үгийг та бичсэн гэсэн. Үнэхээр гоё үгтэй юм билээ?

-Ж.Бадраа гуай, Г.Бадрах нар Монголын хөгжим судлалд их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс л дээ. Тэдний бичиж үлдээсэн зүйлсийг их судалдаг. Ерөөлийн тухай судалгаа байдаг. "Хурай” бол дэлгэр ерөөлд багтах бүтээл. Дэлгэр ерөөл нь өнгөрсөн цагийн учгийг тайлах, одоо цагийн учрал, ирээдүйг угтах гурван цагийг багтаадаг. Хүннү, Сүннү, Нирунаас гээд өвөг дээдсийнхээ тухай өгүүлээд "Цайлган сэтгэлт монголчуудын цаашдын зам нь цагаан байг” гээд. Цэвэр ичимтгий охид мину, цэгц шударга нөхөд мину гээд өнөөгийн байдлыг дуулаад, Уужуу сэтгэлт монголчуудын урдахь зам нь цагаан байг гэдэг. Ирээдүй болсон залуучууд нь эрдэм соёлоор биеэ чимсэн гээд ирээдүйгээ өгүүлээд "Хойчийг залгах үрсийн маань хожмын зам нь цагаан байг гээд гурван цагийг холбож хийсэн ерөөл юм. Түүнийхээ дахилтыг хурайгаар нэгтгэчихсэн. Хурай гэдэг нь юмыг хурааж авах утга. Олуулаа нэг юмыг хийхээр хураагддаг. Цэргүүд "Ура” гээд дайрахаараа хүч нь нэмэгддэг. Хүмүүс бүгд хурайлах юм бол монголчуудын буян хишиг дэлгэрэх юм гэсэн санааг авч хэрэглэсэн юм.

                                                                               Эх сурвалж   Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top