Өнгөрсөн бямба гаригийн өглөө 10:00 цагаас эхлээд орой болтол ХААН банкны үйлчлүүлэгчид картаараа гүйлгээ хийж чадсангүй.
Иргэд амралтын өдрөөр ирэх долоо хоногийн хүнсээ цуглуулах, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах гээд төлөвлөсөн бүх ажил нь нурж, бухимдуу өнжлөө. Энэ хэрээр ч худалдаа үйлчилгээний газруудын бямба гаригийн орлого саатсан.
Дэлгүүр, худалдааны төвүүд ХААН банкны картаар үйлчлэхээс татгалзсан нь хэрэглэгчийн данснаас төлбөр, тооцооны мөнгө хасагдсан хэр нь борлуулагчийн данс руу орохгүй байсантай холбоотой юм. Мөн тус банкны бүх ATM ажиллахгүй байснаас гадна өөр банкны АТМ-д ХААН банкны картыг уншихгүй байлаа.
Ямар шалтгааны улмаас ийм доголдол үүсч, бүхэл бүтэн өдөржингөө хэрэглэгчдээ бухимдуулж, үйлчлүүлэгчдийг хүлээлгэснээ ХААН банк албан ёсоор тайлбарлаж, уучлалт гуйсангүй. Тиймээс олон хэрэглэгч ХААН банкыг бизнесийн соёлтой байж "Уучлалт гуйх ёстой” гэж шаардаж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин Г.Ганчимэг