|

Монгол, Хятадын баячууд ижил замаар яваад байна уу?

saikhnaa 2016/06/08 409 0

1408500472483_0Эрх мэдэлд шунан тэмүүлэгсдийн хүрэх  ёстой өндөрлөг цэг нь улстөр үү? Яг энэ асуулт өнөөдрийн энэ цаг үед хариулт нэхэж байна, биднээс.  Уг нь бид Үндсэн хуулинд заасанчлан өөрсдөө төр барьж байгаа. Гэхдээ шууд утгаараа бус төлөөллийн ардчиллын зарчимаар. Тодорхой хэлбэл, бид сонгуульд саналаа өгч байна гэдэг нь засаглаж байна гэсэн агуулга. Гэвч үнэн хэрэгтээ бол харагдах хэлбэрийн төдийд иргэд бид төрийн эрх мэдлийг гартаа атгаж буй бөгөөд хэрэг дээрээ бол нэгэнтээ эрх мэдэлд хүрэгсдийн тухайд улам ихээр шунан тэмүүлж, улс төрийг өөрсдийн бэл чинээгээ нэмэгдүүлэх үүр уурхай болгон харах нь дэндүү лавширчээ. Тэгэхээр бид одоо хэрхэх ёстой вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Тэгээд харахаар бидний сонголт мэргэн байхаас гадна эрх ашгийн эрэмбэ дараалал гээчид шударга талдаа ханддаг хүмүүсийн нэрс сонголтын цаасан дээр бичигдэх учиртай. Тэгэхгүйгээр бол хэн ч гэсэн далан чавганцын нэгийг хэрэг дээрээ дугуйлаад л гарч ирж таарна. За тэгэхээр нэгэнтээ энд улстөрийг зоосны нүхээр харагсдын тухай өгүүлснийх өмнөд хөршийн улстөр хийгээд баячуудтай холбоотой мэдээллээс хүргэж байна. Сонирхолтой нь, Хятадын баячуудын 90 хувь нь Коммунист намын гишүүд болоод  төрийн албан тушаалтнууд гэдгийг "Хурун” сэтгүүлээс гаргасан "Hurun Rich List” гэрчилж ирсэн байдаг. Ямартаа л  Хятад улсад гишүүн байж гэмээнэ эрх ямба эдэлнэ хэмээн  "Форбес”-д бичиж байхав. Гол нь тус улс эрүүл бус тогтолцоогоор замнасны илэрхийлэл гэж шинжээчид дүгнэдэг.

Манай өмнөд хөрш Хятадын хамгийн чинээлэг иргэдийн баяжсан угшил нь дандаа улсын өмч давамгайлсан үл хөдлөх хөрөнгө, барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудтай холбогддог аж. Тэд хамгийн сайн газар, зах зээлийн түвшнээс доогуур хүүтэй зээлийн санхүүжилт, хямд хөрөнгө зэрэгт тулгуурлан баяжсан байдаг. Бүр зарим нь иргэдээс хууль бусаар хураан авч, төрийн нэр дээр бүртгэгдсэн зүйлс дээр тулгуурлан хөрөнгөжсөн байдаг. Гол нь тэгж баяжсан хүмүүс бараг бүгдээрээ коммунист намын албан тушаалтан эсвэл гишүүд байдаг аж. Хятадын Коммунист нам одоо 85 сая гишүүнтэй. Дээрээс нь 80-100 сая бэлтгэл гишүүд бий. Тэгэхээр Хятадын Төрийн өмчит бизнесийн шинэ үеийн түүхэн дэх хаана ч байгаагүй их өсөлт зогссон тэр үед л бусад зуу зуун сая иргэд, хувийн бизнесүүд эдийн засгийн болон бизнесийн тэгш эрхтэй боломжид хүрэх талаар ярьж болох юм. Тэгэхдээ бодит нөхцөл байдал хааш эргэх нь коммунист нам эдийн засгийн эрх мэдлээ тавихыг хүсэхгүй байгаа асуудалтай мэдээж холбогдоно. Коммунист намын хүч чадал, эрх мэдэл нь материаллаг бааз, боловсон хүчнийг хянаж байгаад оршиж буй гэдэг. Тэгэхээр цөөн баячуудын хувьд энэ нь сайн байж болох ч, нийгмийн шатлалд хөлөө олох гэж ядаж байгаа тэрбумаар тоологдох бусад иргэдийн хувьд сайн зүйл биш гэдгийг шинжээчид хэлдэг.

Тодотгоход, Хятадын Коммунист нам байгуулагдсанаасаа хойш 80 жилийн дараа буюу  2001 онд анх удаа бизнесмэнүүдийг эгнээндээ элсэхийг урьж байгаагаа зарласан юм. БНХАУ-ын тэр үеийн  дарга Зян Зэминий мэдэгдэл яах аргагүй цочир байсан. Гэвч тэр нь их өөрийг харсан алхам байжээ. Юу гэхээр 1989 оны үйл явдлаас хойш нэр хүндэд нь сэв суугаад байсан Хятадын Коммунист намын зүгээс эрх мэдлээ улам бататгаж, эдийн засгийг хяналтандаа бүрэн авах гэсэн бодлогынх нь хэрэгжилтийн нэгээхэн хэсэг гэдгийг хүмүүс төдийлөн анзаараагүй гэгддэг юм. Хятадын Коммунист нам нь эдийн засгийн хамгийн чухал бөгөөд ашигтай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг тусгай бодлогоор дэмжиж, дотоодын хувийн компаниудыг тэдэнтэй  өрсөлдөх боломжгүй болгосон юм. Жишээ нь, өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын албан ёсны санхүүжилт буюу банкны зээлийн 2/3 нь хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр төрийн өмчит компаниудад олгогджээ. Тодруулбал,  2008-2010 oнуудад нийт банкны зээлийн 90 хувь нь ийм хэлбэрээр төрийн өмчит компаниудад очиж байсан бол одоо энэ хувь хэмжээ 80 хувьтай байна. Ийм дэмжлэгийн үр дүнд улсын нийт баялгийн дийлэнхийг төв засгийн харьяалалтай 150, орон нутгийн засгийн харьяалалтай 120,000 төрийн өмчит компани  хянаж байна. Үлдсэн хэсэгт нь 4 сая орчим хувийн компани, хэдэн арван саяар тоологдох жижиг аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.  Төв Засгийн газрын харьяалалтай 150 компани нь улсын нийт хөдөлшгүй активын 2/3-ыг эзэмшдэг ба жил бүр Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн нийт орлогын тал хувийг эдгээр 150 компани бүрдүүлдэг гэх статистик нь гайхалтай байгаа биз? Эдгээр ТӨК-уудын ихэнх нь хувьцаат компани боловч хөрөнгийнх нь 50-иас дээш хувь буюу 2/3 нь төрийн өмчид байдаг байна. Тэрчлэн яамны зэрэглэлтэй Төрийн Өмчийн Удирдлага, Хяналтын Хороо тэдгээр компаниудыг хариуцаж ажилладаг. Энэ байгууллага нь Коммунист намын Зохион байгуулалтын газартай зөвлөлдсөний эцэст ТӨК-уудын ТУЗ-ийг томилдог аж. Ийм ч учраас ТУЗ-ийн дийлэнх, Гүйцэтгэх удирдлагын 3/4 нь коммунист намын идэвхтэн гишүүдээс бүрдсэн байдаг. Нам нь төрийг төлөөлж ТӨК-уудыг тусгайлан дэмжих бодлого явуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг намд элсэх замаар ч юмуу, ямар нэг байдлаар намын ивээлд багтах шаардлагатай болгож буйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Ерөөс тус улсын тэрбум гаруй хүн амаас намын дээд удирдлагатай сайн холбоотой цөөнх нь л баялгаас хавьгүй илүүтэй хүртэх боломжтой болж байгаа юм. Хятад улсын ядуурал 1979-1989 онуудад эрчтэй буурч эхэлсэн байдаг. Тэгвэл энэ нь ТӨК-ууд эдийн засагт нь давамгайлж эхлэхээс өмнөх цаг хугацааны асуудал гэдгийг өдгөө төдийлөн дурьдаад байдаггүй билээ. Нэгэнтээ Хятад улс Азид баялгийн хамгийн тэгш хуваарилалттай улс байсан. Харин төрийн өмчит том компаниуд нь бизнест давамгайлах болсон үеэс эхлээд баялгийн хамгийн тэгш бус хуваарилалттай улс болж хувирсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар үзэхэд Хятадын тэгш бус байдал Энэтхэг, АНУ, тэр ч байтугай Бразиль улсынхаас ч дор байгаа гэгддэг.  Тус улсын 400 сая хүний бодит орлого  сүүлийн 10 жилд өсөөгүй,  ядуурлын хувь хэмжээ нэмэгдсэн байгаа юм. Хэдийгээр ТӨК-уудын орлого нь жил бүр 20-30 хувь  өсч ирсэн ч, дундаж өрхийн орлого ердөө л 2-3 хувь нэмэгджээ.

Тэгэхээр бид Хятад улсын энэхүү дүр зургийг өөрийнхтэйгөө харьцуулаад дор бүрнээ бодоод үзье. Монголын төрд алба тушаал хашигсдын олонх нь баяждаг. Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай аж илладаг нэртэй ч, тендер шахааны гол гүүр болж, түүнээс нь цөөн хэдэн хүмүүс мөнгө хөрөнгө шамшигдуулдаг. За харин эгэл жирийн иргэдийн олонх нь орлогын өсөлт гээд байх юмгүй, дутуу гучуу амьдардаг нь үнэн билээ.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top