|

Хүүхдийн 20 мянга буюу тал талхны маань мөнгө хаачив

saikhnaa 2016/08/02 1134 0

Хүүхдийн 20 мянга буюу тал талхны маань мөнгө хаачив

 

Увайгүй, урагш­гүйгээрээ дуудуулж байсан ч өмнөх Засгийн газар сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг ганц ч удаа алгасалгүй өгч байсан билээ. Харин шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ томилох гэж "янцаглаж” байх хооронд "Сан­хүүжилтгүй” гэдэг шалтгаар хүүхдийн мөнгө долдугаар сард тасарч, "Хоногийн хоолоо яая даа” гэсэн олон айлын хүүхэд өлөн зэлмэн хонож байна.

 

"Дэлхийн зөн” олон улсын байгууллагын судалгаагаар монгол хүүхдүүд хүнс тэжээлийн дутагдалтай нь нэгэнт тодорхой болж, анх Ардчилсан намын санаачлагаар эмзэг бүлгийн айлын хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг олгож эхэлсэн. Үүнийг Ардын намынхан үргэлжлүүлэн авч явахдаа үрсээ ялгаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй хэмээн ялгаварлалгүй олгодог болсон түүх саяхных. Өдөр бүр нэмэгдэж байдаг үнэ ханшийн өсөлтөөс мөнөөх мөнгийг 20 мянга болгосон юм. Чинээлэг давхаргын цөөнх иргэд "Халамжийг хэт хавтгайрууллаа”, "Би хүүхдийн 20 мянгаас татгалзана” гэх мэтээр ярьж шүүмжилдэг ч иргэдийн олонх нь сар бүрийн 20-доор тавьдаг энэ мөнгийг хүлээж байдаг юм.  Учир нь эдийн засаг хямралтай энэ үед өр зээлгүй хүн, айл өрхийг олоход бэрх. Орон сууц, хашаа байшин, цалингийн зээл, тэгээд эцэг эхээс өвлүүлж үлдээсэн өөдтэй өнгөтэй бүхнээ ломбардад "түр хадгалуулчихсан” иргэд маань хүүхдийн 20 мянгаар хоол хүнсээ залгуулж ирсэн нь нууц биш. Харин одоо "Хүүхдийн 20 мянгыг маань хэзээнээс өгч эхлэх бол” хэмээн хүлээж сууна. Уг нь боломжтой бол энэ мөнгийг хурааж хуримтлуулан хүүхдийнхээ боловсролд зарцуулах сонирхол дийлэнхэд нь байдаг ч "Даанч чадахгүй юм даа” хэмээн санаашрагчид олон байдаг юм билээ. Үүний нэг тод жишээ нь хэдэн жилийн өмнө нээгээд орхисон хүүхдийн хадгаламжууд. Хуримтлалыг ганц удаа хадгаламж нээж орхисноор цуглуулдаггүй юм. Сар бүр түүндээ мөнгө хийж байж өснө шүү дээ гэж мянга сэнхрүүлээд ч "тархи нь угаагддаггүй” гол шалтгаан нь хямрал, ядууралд бий.   

 

Амьдралын энэ үнэнийг ч одоо эрх баригч хүчин овжноор ашиглан "Ард түмэн талхаа таллан авч байна” хэмээн чанга хашгирч, сонгуулийн пи араа хийж гарч ирсэн. Харин одоо мөнөөх тал талхаа авдаг хүүхдийн 20 мянга нь алга.  "Атар” талх 1200 төгрөгийн үнэтэй гэж бодоход 20 мянган төгрөгөөр 16 ширхэг талх авна. Түүнийгээ таллаад идэхэд ямартай ч нэг сарыг өлхөн давчихдаг байсан бол харин одоо тал талх ч үгүй өдөр хоногуудыг ард түмэн чинь аргацаан өнгөрүүлж байна, Ардын намынхаан.

 

Улсын төсвийг 1.2 их наяд төгрөгийн алдагдалд хүргэж, хүүхдийн 20 мянгыг "булаасан” нь та нар биш ч байлаа гэсэн иймэрхүү алдаа завхралыг засч залруулах тэнхээ чадал бий гэж ард түмэн чинь итгэж сонгосон юм гэдгийг харин битгий мартаарай! Тиймээс төсвийн тодотголоо яаралтай хийж, хүүхдийн мөнгөнд тавих 140 тэрбум төгрөгийн асуудлыг даруйхан шийдэхгүй бол төрийн эрхийг барьсан эхний сараас чинь эхлээд сөрөг дүн тавьж мэдэхээр байна шүү.   

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ 

Санал болгох

Сэтгэгдэл

top