|

Улаан хувцастай бүсгүйчүүдийг хөнөөдөг алуурчныг 28 жилийн дараа баривчлав

saikhnaa 2016/08/30 2514 0

Улаан хувцастай бүсгүйчүүдийг хөнөөдөг алуурчныг 28 жилийн дараа баривчлав

 

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ганьсу мужийн Ба Инь хэмээх хотоос цагдаа нар 28 жилийн турш мөрдсөн цуврал алуурчныг баривчилжээ. Хятадын хэвлэлүүдээр "Хятадын хүүлдэг Жек” хэмээх хочийг авсан цуврал алуурчин нь хоёр хүүхдийн эцэг, 52 настай Гао Чэн Юүн хэмээх эр байсан гэнэ. Тэрбээр 14 охид бүсгүйчүүдийг зэрлэгээр хөнөөж, хүчиндсэний дотор найман настай охин хүртэл байсан юм.

Наймдугаар сарын 26-нд Ганьсу мужийн нэгэн дэлгүүрээс түүнийг баривчилсан бөгөөд гэмт этгээд хэрэг хийснээ эхний мэдүүлгээр хүлээсэн ажээ. 1988 оны тавдугаар сарын 26-нд  Ганьсу мужид 23 настай бүсгүйг гэрт нь 26 удаа хутгалан, хүчиндэж хөнөөсөн нь эхний аллага нь байж. Цаашдын аллага яг тийм  хэлбэр, сэдэлтэй байсан тул "Хүүлдэг Жек” хэмээх түүхэн аймшигт алуурчны нэрээр хэвлэлийнхэн хочилсон байна.

Алуурчин улаан хувцастай бүсгүйчүүдийг золиосоороо сонгодог бөгөөд гэр хүртэл нь дагаж, улмаар унтсаных нь дараа гэрт нь орж, хөнөөж, хүчинддэг байжээ. Ганьсу мужид удаа дараалан аймшигт аллага гарсны дараагаар "Хятадын хүүлдэг Жек”-ийн тухай мэдээлэл бүгдийг айлгаж, охид бүсгүйчүүд хэдэн жилийн турш гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэй хамт л гадагш гардаг болсон байна.

Түүний гарт амиа алдсан 18 настай нэгэн бүсгүйн эцэг гурван жилийн турш гашуудал, харуусалд автсаар нас барсан талаар Хятадын хэвлэл мэдээлжээ. Хэдийгээр гэмт этгээдийн үрийн шингэн, хурууны хээ, хөлний мөр зэрэг цагдаа нарт олдсон ч гэсэн алуурчин хөдөө амьдардаг, хурууны хээ болон цусны шинжилгээ огт өгч байгаагүй тул баригдахгүй 28 жилийг өнгөрүүлсэн гэнэ.

2004 онд "Хятадын хүүлдэг Жек”-ийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 200 мянган юаниар шагнах тухай зарлалыг албан ёсоор тараасан ч алуурчныг илрүүлж чадаагүй.

aluur00

Хятадын цагдаа нар 2016 оноос эхлэн эрүүгийн хэргийг илрүүлэх ажилдаа ДНК-гийн шинжилгээг ашиглах болсон нь гэмт этгээдийг илрүүлэхэд гол түлхэц болжээ.

Алуурчныг таньдаг хүмүүсийн мэдүүлснээр бол "гэр бүлийнхэнтэйгээ нэг их харилцдаггүй, бүгж амьдардаг” нэгэн байж. Мөн том хүү нь "Аавтайгаа би бараг харилцаж үзээгүй. Хятадын цагаан сараар уулздаг. Түүнийг ямар хүн болохыг ч мэддэггүй” гэж мэдүүлжээ. Мөн зарим хэвлэлийн бичсэнээс үзвэл алуурчин залуудаа нисэгч болохыг хүссэн ч "улс төрийн шалтгааны улмаас” мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсан, өш санадаг байж болох гэнэ.

Р.Гэгээ

Санал болгох

Сэтгэгдэл

top