|

Монголын аюулгүй байдлыг Хятадууд шийддэг болсон уу

saikhnaa 2016/09/05 581 0

Монголын аюулгүй байдлыг Хятадууд шийддэг болсон уу

 

Энэ сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудалд "Cyber Security Forum Mongolia, 2016” гэсэн сүржин нэртэй нэгэн хурал хаалттай байдалд зохион байгуулагдах гэж буй гэнэ. Нэрийг нь сонсоод Монгол улсад маань хэрэгтэй сонирхолтой хурал болох мэт сэтгэгдэл төрөн хурлын талаар бага зэрэг судалгаа хийж үзлээ. Хаалттай гэдгийн учир нь уг хурлын талаар олон нийтэд ямар ч сурталчилгаа байхгүй, зөвхөн томоохон компаниудад мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнгээ суулгана уу гэсэн урилга очсон бололтой. Нэрийг нь сонсоход сүрдэж, нууц байх нь аргагүй гэж бодохоор уг хурлын хөтөлбөрийг харахад харин ердөө л мэдээллийн аюулгүй байдлын технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд л бүтээгдэхүүнээ танилцуулах зар сурталчилгааны өдөрлөг байсныг хараад тэрүүхэндээ сэтгэл гонсойв.

Урилган дээр зохион байгуулагч хэмээн бичсэн "Smarter Alliance” нэртэй байгууллагыг (компани эсвэл ТББ, юу гэдэг нь ч тодорхойгүй) интернетээс хайгаад олсонгүй. Харин урилга нь 100% БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн сүлжээний шийдэл борлуулдаг компаниас ирж байгаа нь сэжиг төрүүлэв.

Уг компаний тухай сураг ажиг тавихад арваад жилийн өмнө "Оюу Толгой” компанид баахан сүлжээний төхөөрөмж борлуулсан, өнөөх нь аудитын үеэр хулхи төхөөрөмж гэдэг нь баригдсан учир дахиж тоног төхөөрөмж нийлүүлэх эрхээ хасуулсан тухай, тухайн үедээ шуугиад өнгөрсөн байв. Ийнхүү хулхи гэдгээрээ алдаршсан Хятад хөрөнгө оруулагчтай нэгэн компани зүсээ хувирган гэнэт Монголын кибер аюулгүй байдлыг хэлэлцүүлж шийдэж байгаа бололтой.

Угтаа хувийн компани өөрсдийн мөнгөөр лаагаа иднэ үү, луувангаа авч иднэ үү өөрсдийнх нь дурын асуудал боловч уг хурлын сүржин нэр л эгдүүг минь хамгийн ихээр хүргэсэн юм. Махчилбал "Монголын кибер аюулгүй байдлын хэлэлцүүлэг 2016” нэртэй уг хурлын хөтөлбөрт лав манай төр засгаас төлөөлөл алга.  Тэгсэн атлаа яагаад Монголын кибер аюулгүй байдлыг технологи нийлүүлэгч хэдэн компани тэдний борлуулагч нэг Хятад компанитай хэлэлцээд шийдчихдэг юм байгаа юм. Хэрэв зүгээр л бүтээгдэхүүний маркетинг хийж технологийн шийдэл танилцуулах гэж буй бол түүндээ таарсан утгатай нэр өгнө биз, чухам Монгол Улсын цахим аюулгүй байдлыг шийдэх гэж буй аятай хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь хууль журманд хэр нийцтэй байдаг юм бол доо.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top