|

Д.Лүндээжанцан: Бид үнэхээр л анхдагч “пионерууд” байсан

saikhnaa 2016/09/13 978 0

 

Өнөөдөр манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 26 жилийн ой тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг барилцагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-д 1990 оноос хойш сонгогдон ажиллаж буй ахмад парламентч Д.Лүндээжанцантай ярилцлаа. 

-Одоогоос 26 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламентын эхлэл суурийг тавьсан улсын бага хурал нээлтээ хийж байсан түүхтэй. 26 жилийн өмнөх энэ өдрийг дурсвал?

-1990 оны чөлөөт ардчилсан сонгууль долоодугаар сард болж 430 тойрогт 429 депутат сонгогдож байсан. Анх удаа чөлөөтэй, ардчилсан нэр дэвшүүлж олон нийт, хамт олон, байгууллага, улс төрийн нам, иргэдийн хурал цуглаанууд нэр дэвшүүлж өрсөлдсөн. 1990 оны есдүгээр сарын 1-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган гэж хуралдсан юм. Тэр чуулган 10 хоног үргэлжилсэн. "Дааж ядсан ачаатай намрын 10 халуун өдөр” гэх мэтээр нэрлэж байлаа. Энэ хурлаас БНМАУ-ын төрийн тэргүүн улсын Ерөнхийлөгчийг сонгоод, мөн Улсын бага хурлыг байгуулаад БНМАУ-ын Ерөнхий сайдыг томилсон. Дараа нь улсын дээд шүүхийн дарга, улсын ерөнхий прокурорыг томилсон. Бага хурлын дарга, орлогч, нарийн бичиг ороод 53 хүний бүрэлдэхүүнтэй хийж байсан. Бага хурлын дарга, орлогч, нарийн бичиг гурвыг Ардын их хурлаас сонгож байгаа юм. Харин Бага хурлын 50 гишүүнийг улс төрийн намаас нэр дэвшүүлсэн. 1990 оны сонгууль чинь холимог системээр, улс төрийн намуудаар санал хураасан. Ингэхэд тухайн үеийн нэрээрээ МАХН одоогийн МАН 33 суудал, харин үлдсэн суудлыг тухайн үеийн Монголын ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын үндэсний ардчилсан нам авч олон намын тогтолцоотой анхны парламент бий болсон юм. Түүнээс өмнө парламент байсан уу гэвэл байсан. Ассемблей хэлбэрийн Ардын их хурал байсан. Хэдийгээр зөвлөлт маягийн загвар гэж шүүмжлэгддэг ч гэсэн тэндээс шаталсан хэлбэрийг нь авсан. Гэхдээ Улсын бага хурал бол парламентат ёсны түүхэнд байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага гэж Үндсэн хуулийн нэмэлтэд тодорхойлж өгсний дагуу байгуулагдсан юм.

Тэр 50 хүнийг бүрэлдүүлэхдээ Ардын их хурлын депутатуудаас дөрөвний нэг нь депутат бус хүн байж болно гэж байгаа юм. Ингээд тухайн суудал дээр улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажлаа дотооддоо бас нууц санал хураалтаар шийдвэрлэсэн. Тухайн үед 430 депутатын 370 гаруй нь МАХН буюу МАН-ынх байсан.

Ингээд есдүгээр сарын 9-ний өдөр Улсын бага хурал нь эхэлж байгуулагдаад, дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь сонгогдоод улмаар есдүгээр сарын 13-нд анхныхаа чуулганыг нээсэн. Түүний өмнө нь бага хурлын гишүүд хэд хэдэн удаа цуглаж яаж зохион байгуулалт хийх, ямар тангараг өргөх зэрэг асуудлаар хуралдаж байсан юм.

Зун нь надад Б.Чимэд багш нэг үүрэг өгсөн л дөө. Юу гэхээр, хэрэв Улсын бага хурал байгуулагдвал байнгын хороодын дүрэм хий, хэдэн байнгын хороотой байж болох томьёолол гарга гэж. Тэгээд тухайн үедээ бид нэг юм хийгээд л хэд дахин буцаж байсан.

Өмнө нь Ардын их хурлын дэргэд байнгын комисс гэж байсан юм. Тэр байнгын комиссын нэрийг багцаалж байгаад таван байнгын хорооны нэр гаргаад эрхлэх асуудал, чиглэлийг нь гаргасан. Ингээд Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, Эдийн засаг, Хууль зүй, Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын гэсэн таван байнгын хороо байгуулсан. Тухайн үед эхлээд дөрвөн байнгын хороо орж ирээд Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын байнгын хороог нь манай бага хурлын гишүүд санал болгож байгаад байгуулсан юм. Ингээд таван байнгын хороогоо хуваагаад андгайгаа өргөх боллоо. Тэгээд цаг ч их тулсан байсан ямар тангараг өргөх талаар хоорондоо их ярилцсан, мэтгэлцсэн. Тэр үед Зохиолчдын эвлэлийн дарга Д.Маам гуай депутат бус бага хурлын гишүүнээр орж ирсэн байсан. Тэгээд ярилцаж байгаад Эзэн Чингис хааныхаа сургаалиар андгай өргөе, үүнийг бол тангараг биш андгай гэж нэрлэе гээд Д.Маам гуай Н.Ишжамц академичтай утсаар яриад бичиж ирсэн. Тэгээд "Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь алжааваас алжаатугай, бүрэн улс минь бүү алдартугай” гэсэн үгээр тухайн үедээ андгай хийсэн юм.

Бид тухайн үедээ энэ том андгайг Улсын бага хурлын 53 хүн өргөлөө, энэ бол насан туршдаа өргөж байгаа андгай, өөр ямар ч байгууллагад очсон өөр тангараг өргөхгүй гэж ярилцаж байлаа. Үнэхээр л Монгол төрийн төлөө чөмгөө дундартал хоёр сэтгэлгүй л орцгоосон улс шүү дээ.

Улсын бага хурал ингэж ажлаа эхлээд бага хурлын хууль, хуралдааны дэг рүү орсон. Тэр үед чуулганы танхимд гурван газар микрофон зоолттой, "оочерлож" зогсож байгаад ярьдаг байлаа. Тэгээд л байнгын хорооны дарга нараа томилоод л цагаан цасан дээр хараар бичээд л атар газар хагалж байгаа юм шиг л ажилдаа ханцуй шамлан орсон доо.

-Тухайн үеийн парламент болоод одоогийн парламентын төлөвшлийг та хэрхэн харж байна вэ?

-Хүмүүс өмнөхөө хэт магтдаг эсвэл хэт муулдаг. Би  энэ хоёр туйлшралаас ангид байхыг хичээдэг. Тухайн үедээ Улсын бага хурал маш их шүүмжлэлийн бай болж байсан. Гэхдээ одоо ингээд 26 жилийн өндөрлөгөөс харахад үнэхээр л анхдагч "пионерууд” байсан юм. Мэдээж тэр үед мэдэхгүйн зовлон байсан. Яахав мань мэт нь хуульч, эрдэмтэн гээд л тухайн үедээ хичээл ном заадаг, гадаад орнуудын парламентын талаар бага сага мэдлэгтэй, зарим нэг нь олон улсын байгууллагад ажилладаг жаахан мэдлэгтэй гэх мэт байсан л даа. Ер нь бол тэр үед мэдээлэл хомс шүү дээ. Дээр нь 1990-1922 он чинь Үндсэн хуулийн шинэчлэлтийн түүхэн зурвас үе байхгүй юу. Яг ийм завсрын үед улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг яг зэрэг хийсэн. Энэ асуудлаар нилээн л маргаан мэтгэлцээн болж байсан. Гэхдээ бид энэ хууль цаазаар төр буюу эрхзүйт төр, хуулийн засаглал гэдгийг анх ярьж байлаа.  Энэ хугацаанд олон намын тогтолцоо байхаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч ярьж байлаа. Дээр нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл рүү хуваах ёстой гэдгийг ойлгож байсан. Гэхдээ хоёр жилийн дотор шүүх эрх мэдлийн хуулиуд руу орж чадаагүй. Эхлээд Улсын бага хурал нь Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг баталсан. Засгийн газар өмнө нь кабинетын зарчим гэж байхгүй сайд нарын зөвлөл гэж байлаа ш дээ. Анх удаа Ерөнхийлөгчийн институт гэж бий болсон. Энэ гурван хуулийг анх батлахаас эхэлсэн юм.

Тэгээд хамгийн том асуудал бол эдийн засгийн харилцаанд өөрчлөлт хийх. Үүний тулд иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энд өмчийн олон хэлбэрийг анх удаа хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, нийтийн болон хувийн өмч байна гэдгийг зааж өгсөн. Энэ бол асар том ажил. Дараагаар нь аж ахуйн нэгжийн хууль руу орсон. Тэгээд банкны хоёр шатлалт тогтолцоо руу орсон. Төв банкийг задалсан, хараат бус болгосон. Энэ мэтчилэн эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийгээд дээр нь нийгмийн салбарын өөрчлөлт рүү орсон.

Нийгмийн салбар бол боловсролын салбарыг либералчлах буюу хувийн хэвшлийг бий болгох, эрүүл мэндийн салбарт ч мөн хувийн хэвшлийг бий болгох гэх мэт өөрчлөлтүүдээр эхэлсэн.

Энэ хугацаанд алдсан юм бий. Хамгийн том зүйл бол өмч хувьчлал. Өмч хувьчлалын хууль дээр үнэхээр мэдэхгүй, харж чадахгүй зүйл их олон байсан. Одоо бол тэрийг тэгж өөрчилдөг байж, тэрэн дээр нь алдчихлаа гээд л хүн болгон ярина. Тухайн үедээ бол цоо шинэ зүйл байсан. Газрын тосны хууль хүртэл цоо шинэ зүйл л байсан.

Улсын бага хурлын хийсэн хамгийн гол ажил бол шинэ Үндсэн хууль л байхгүй юу. Үндсэн хуулийн төслийг бага хурлаар гурван удаа хэлэлцсэн. Тэгээд ард түмнээр хэлэлцүүлсэн. Мөн бүсчилж хэлэлцүүлээд дараа нь 1991 оны 11 дүгээр сард Ардын их хуралд өргөн бариад 96 хоног хэлэлцэж байж Шинэ Үндсэн хууль батлагдсан түүхтэй.

 Жаахан өөрчлөлт оруулаад боловсронгуй болгочихвол манай Үндсэн хууль бараг мөнхийн настай

 

-25 жилийн өмнө та бүхний баталж байсан Үндсэн хууль өнөөдрийн нийгмийн харилцааг дагаад шинэчлэгдэх ёстой гэдгийг та яаж хүлээж авдаг вэ?

-25 жилийн ой нь болох гэж байна шүү дээ. Би бол сайн Үндсэн хууль гэж боддог. Зарим хүн дордуулсан долоон өөрчлөлт гээд л  шүүмжилдэг юм билээ. Тэр заалтуудыг чинь сүүлд нь оруулсан шүү дээ. Үндсэн хууль бол сайн хууль. Гэхдээ өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн байдал ороо бусгаа, хүндрэлтэй байна. Энэ бүхнийг тогтолцооны буруу гэж чихэж болохгүй. Энэ бол ерөөсөө л засаглал, улс төрийн нам, засаглах эрх мэдэл хэрэгжүүлж байгаа эрх баригч хүчний буруутай үйл ажиллагаа, өнөөдөр бүх шатны төрийн түшмэлүүд, ажил хариуцаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлага алдагдсантай холбоотой. Түүнээс биш Үндсэн хууль руу бурууг чихэж болохгүй.

Гэхдээ Үндсэн хуульд засч, залруулах зүйл бий. Үндсэн хууль өөрөө тогтонги, хөшинги зүйл биш. Урагшаагаа хөгжиж явдаг зүйл. Гол ерөнхий зүй тогтол, Монгол Улсын сонгож авсан зам, нийгэм, улс төрийн сонгосон тогтолцоо. Энэ бүхэнд өөрчлөлт байхгүй. Харин доторх төрийн байгуулалтын хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалт бие биедээ саад болоод байгаа гэх мэт зарим зүйлийг засч өөрчлөх жижиг засварууд бол байгаа. Тухайн үеийн Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, Монголын ард түмэн хамтарч Үндсэн хуулийг хийхдээ үүнийг асар том зөвшилцлийн баримт бичиг болгож гаргасан. Тийм ч учраас урт настай байж чадаж байгаа юм.

Бас нэг зүйлийг хэлэхэд, тэр үеийн парламентын гишүүд үнэхээр парламентын гишүүд байжээ. Яахав тухайн үед бол байнгын хорооны даргын төлөө ч юм уу "эрүүл” нууц санал хураалт байдаг байсан. Бүгд яг ижил гарааны нөхцөлтэй, мэдэхгүйгээсээ мэдэх рүүгээ ажиллаад л зүтгэж ирсэн. Анхны парламент таван жилийн хугацаатай байгуулагдаж байсан шүү дээ. Тэгсэн ч хоёр жил хүрэхгүйн хугацаанд үүргээ биелүүллээ, жинхэнэ шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийн хуваарилалтын дагуу шинэ УИХ, шинэ Засгийн газар, шинэ шүүх тогтолцоо руугаа ор гээд хугацаанаас нь өмнө Үндсэн хуулиа батлаад өөрсдийн бүрэн эрхээ дараагийн их хурал руу шилжүүлж чадсан.

Улсын бага хурал нь Үндсэн хуулийн дараагаар Үндсэн хуулийн хавсралт хуулийн дагуу гаргах ёстой хуулиуд руу ханцуй шамлаж ороод асар олон хууль гаргасан. Харин дараагийн 1992-1996 онд ажилласан парламент эрх зүйн том шинэчлэлийн хана, дээврийг босгож чадсан. Ийм том, том зүйлийг бол үе, үеийн парламентынхан хийсэн. Ингээд улам төгөлдөржөөд явж байна. Гэхдээ заримдаа нэг алхам урагшлаад, хоёр алхам хойшлох гээд байгаад би их санаа зовдог.

-Тухайлбал, та юун дээр ухарчихлаа гэж харж байна вэ?

-Төрийн эрх мэдлийн хуваарилалт дээр л ухарсан. "Давхар дээл”-ийг их сайн хязгаарлаж өгөх ёстой. Ерөнхий сайд нь байгаад ихдээ л 3-4 сайд нь парламентад байхад л болох юм. Сая яахав бага зэргийн дэвшил гарсан. 19 сайдын 17 нь "давхар дээл”-тэй байсныг бодоход шүү дээ. Энэ мэт дотор нь зохион байгуулж хийх зүйлүүд бол байна. Ялангуяа хариуцлагын тогтолцооны хэсэг дээр. Уг нь бол үүнийг Үндсэн хуульдаа хүрэлгүйгээр наагуур нь хийх боломжууд их байгаа юм. Харамсалтай нь тэгж чаддаггүй.

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү оновчтой болгох, Монгол Улсад бий болсон байнгын ажиллагаатай парламентыг илүү төгөлдөржүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт их чухал үүрэгтэй тухай ярьдаг?

-Би бол үндсээр нь өөрчлөх тухай ярьдаггүй. 25 жил болсон хуулиа эргэж хараад Монгол оронд юу нь болоод юу нь болохгүй байна гээд бусад орнуудтай харьцуулж болно. Харьцуулалт гэдэг чинь өөрөө том шинжлэх ухаан шүү дээ. Хууль бүтээх, хууль боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулж өгөх хэрэгтэй байна. Энд бол ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих хууль тогтоомжийн хууль, энэ онд хэрэгжих Захиргааны хууль хоёр их том хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа.

Ингээд нэг жаахан өөрчлөлт оруулаад боловсронгуй болгочихвол манай Үндсэн хууль бараг мөнхийн настай гэж би боддог.

-Баярлалаа танд амжилт хүсье.

Нийтэлсэн: О.Энхмаа 
Эх сурвалжийн линк: http://www.mnb.mn/i/96045

Санал болгох

Сэтгэгдэл

top