|

Оросын талаас Засгийн газарт шахалт үзүүлж эхлэв үү

saikhnaa 2016/09/16 762 0

Оросын талаас Засгийн газарт шахалт үзүүлж эхлэв үү

 

Монгол Улсын Засгийн газарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг манай улсад ОХУ-аас суух Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Ингэхдээ тэд онцгой албан татвараас чөлөөлүүлэх өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж авахгүй бол транзит тээврээ зогсоохоо мэдэгдсэн билээ.

 

Төр, засгийнхан ч тэр даруй Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. УИХ-ын байнгын хороодын хурал дээр дээрх асуудал хүчтэй өрнөж, зарим нэг нь эсэргүүцэж байсан ч эцсийн мөчид хуулийг төслийг дуу нэгтэйгээр баталсан. Ингэснээр Засгийн газарт үзүүлсэн Оросын талын шахалт биеллээ олж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс онцгой албан татварыг тэглэхээр болсон билээ.


Тэгвэл Засгийн газарт шахалт үзүүлж санасандаа хүрсэн Оросын тал хүсэлт нэрийн дор дахин "шахалт” үзүүлж болзошгүй байна. Учир нь, өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр ноён Олег Белозёров Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд зориулж хэрэглэдэг дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа илэрхийлэхээс гадна энэхүү татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжилжээ.
Хэдийгээр Ерөнхий сайд тоймтой хариу өгөөгүй ч Оросын талаас дахин өмнөх аргаа ашиглахыг үгүйсгэхгүй юм.

 

Г.Эрдэнэзул

Санал болгох

Сэтгэгдэл

top