|

Эрдэнэт-Булганы ЦТС алдагдалтай ажилладаг

saikhnaa 2016/11/04 756 0

Эрдэнэт-Булганы ЦТС алдагдалтай ажилладаг

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10.29 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

 

 

Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль, тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

 

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Энэ нь уул уурхайн ордуудаас ашиглаад хаясан үүссэн овоолгыг эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хэсгийг нь дахин ашиглуулж, нөөц ашигласны татвар авах хэрэгтэй гэж үзсэн. 10 жилийн хугацаанд нийтдээ 180 тэрбум төгрөг нөөц ашигласны татвараас олох боломжтой гэсэн тооцоо гарсан гэдгийг онцолж байлаа.

 

Мөн танилцуулгад Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд "Монгол шуудан”, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгасан байв.

 

 

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж оролцсон юм. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба.Очир, Л.Элдэв-Очир, Б.Ундармаа,Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хувьчлах жагсаалтад нэмэлтээр орж ирж байгаа "Монгол шуудан”, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахдаа үнийг яаж тооцсон юм бэ гэдгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хувьчлагдаж байгаа төрийн өмчит хувьцаат компаниуд гадаадын зээл, тусламж авсан эсэхийг, УИХ-ын гишүүн Б.Жавхлан хувьчлалыг төсвийн орлого нэмэгдүүлэхэд чухалчилсан уу эсвэл эдийн засгийн цаад системтэй нь холбож үзсэн үү гэдгийг тодруулж байлаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж Засгийн газрын өмч хувьчлалын жагсаалтад нэмэгдэх эдгээр аж ахуйн нэгжийн үнийн дүнг бодитой гаргахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сүүлийн таван жилийн ашиг орлого, алдагдал, татвар гээд үнэлгээний нарийн судлагаа хийж байгаа. Тиймээс суурь үнэ өөрчлөгдөнө. Ер нь "Монгол шуудан” ХК бага зэргийн ашигтай, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК алдагдалтай ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжид гадны ямар нэгэн зээл, тусламж авсан асуудал байхгүй байгаа гэж хариулав.

 

 

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүсмэл ордыг ашиглахдаа алтны овоолгыг дахин ашиглахад тусгай шаардлага тавьсан эсэхийг тодруулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж уул уурхайн ордыг ашигласны дараах хаягдмал овоолгоос эдийн засгийн хувьд үр ашигтай үүсмэл ордууд байсаар байгаа. Үүнийг судалж үзээд үүсмэл ордуудыг дахин ашиглуулж, нөөц ашиглалтын татвар авах нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхдээ алтны үүсмэл ордыг дахин ашиглахад нарийн тооцоо судлагаа хийж байгаа. Засгийн газраас тусгайлан журам гаргахаар ажиллаж байна гэж байв.

 

Үүний дараа 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

 

Мөн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналбн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top