|

Цуст гадил, бисексуал Хиллари буюу олон нийтийн сүлжээнд хамгийн их тархсан цуу ярианууд

tonshuul 2016/12/09 774 0
 

 

Сүүлийн үед хүмүүс "Facebook” сүлжээг хуурамч мэдээллийг ялгаж, шүүх чадваргүй хэмээн шүүмжлэх
болсон билээ. Өнгөрсөн сарын дундуур тус сүлжээг үндэслэгч Марк Цукерберг "Бидний зорилго бол хүмүүсийг сонирхолтой гэсэн түүхээ олж авах чадах явдал юм. Бид ч бас хүмүүсийг нарийн мэдээлэл авахыг хүсдэг гэдгийг мэднэ. Бид өөрсдөө үнэнийг шүүдэг шүүгчид болохыг хүсэхгүй байгаа болохоор гуравдагч хүн, бидний эргэн тойрны нийгэмлэгийг тойрсон мэдээллийг авч үздэг” гэж өөрийн хуудсандаа бичжээ.
"Facebook”-ийнхэн ч хэлсэн үгээ үйлдэл болгохын тулд программист Дэниэл Сиерадски "BS Detector” буюу "Facebook”, "Twitter”-ээр явдаг эргэлзээтэй сайтыг шалгадаг браузер зохион бүтээжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан "ВВС” агентлаг сүүлийн саруудад ямар худал мэдээлэл цацагдаж, шуугисан тухай мэдээллийг бэлтгэжээ.

Пиццаны газар

Сүүлийн үед хамгийн их гайхширал төрүүлсэн нэгэн мэдээлэлд "Пиццагейт” орж байна. Ардчилсан намын гишүүдийн үдийн зоогоо барьдаг Вашингтоны алдарт "Comet Ping Pong” пиццаны газар дуулиан шуугианы бай болжээ. Алдарт түүх ингэж эхэлсэн аж. Хиллари Клинтон тэргүүтэй Ардчилсан намын томчууд нийтийн хоолны энэхүү газрыг хүүхдийн боолчлолын худалдааны дамжин өнгөрөх пункт болгосон гэсэн мэдээлэл гарчээ. Охид, хөвгүүдийг улстөрчдийн хүсэл татам зугаа цэнгэлд татан оролцуулж байгаад эрхтнийг нь авдаг байсан гэнэ.
Энэхүү нууц онолын "True Pundit” цуу мэдээлэл цацдаг сайтад тавьж, "цагдаагийн эх сурвалж” гэгчээс эшилсэн зүйлс дээрээ тодруулж бичжээ. Хуйвалдаанд дурлагсад Клинтоны штабын удирдагч асан Жон Подестаг хүүхдүүдийн тухай ярихдаа пиццаны газартай холбоотой нууц үг хэллэг ашигладаг хэмээн баталж байлаа.
Гэвч энэхүү худал цуу ярианд пиццаны газраас өөр үнэн зүйл огт байгаагүй юм. Энэ цуу ярианаас болж энэ сарын 4-ний ням гарагт "Comet Ping Pong” пиццаны газарт 28 настай нууцад итгэгч галт зэвсэгтэй дайран орж, хана руу нь буудаж, "Пиццагейт”-ийн тухай мэдээлийг өөрөө мөрдөхийг хүсч байгаа тухай чанга хашхиран мэдэгджээ. Буутай этгээдийг цагдаагийн газарт хүргэсэн бөгөөд машинаас нь их хэмжээний зэвсэг хураан авчээ.

Клинтон, Оно нар 1970-аад оны амрагууд

Хамгийн алдартай цуу мэдээллийн жагсаалтад Японы жүжигчин Йоко Оно, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон нарын 1970-аад оны дунд үеийн амрагийн түүх орж байна. Уг мэдээллийг "Worldnewsdailyreport” сайт анх тараажээ. Тэр ч бүү хэл "Бид ойр дотно байсан. Гэвч бидний зам салсан” хэмээн дуучин, уран зураач эмэгтэйг хэлсэн мэт эшлэл хүртэл хавчуулсан байна. Жон Ленноны бэлэвсэн эхнэр, феминист, орчин үеийн урлагийн зүтгэлтэн эмэгтэй энэхүү хэвлэлийг ганцаараа шүүхэд өгөхийг яараагүй юм.

Ким Чен Ун ба авга ахын
цаазын ял

БНАСАУ-ын хаалттай дэглэм үргэлжийн мөнхөд тус улсын удирдагчтай холбоотой цуу яриа, худал мэдээллийг үүсгэдэг. Гэхдээ Ким Чен Уны авга ах намын өндөр албан тушаалтан Чан Сон Тхэкийг 2013 оны арванхоёрдугаар сард буудаж хороосон гэсэн мэдээллийг ямар ч мэдээлэлтэй харьцуулшгүй билээ.
Золгүй авга ахыг 120 өлсгөлөн нохойнд хаяж өгсөн тухай мэдээлэл гарч, дэлхийн хэвлэлүүдээр асар хурдтай цацаж байв. Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчид Кимийн хамаатныг пулемётоор буудаж хөнөөсөн гэж мэдээлж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэлүүд энэ мэдээллийг өлгөн авч, цаазын ялыг минометоор гүйцэтгэсэн гэж давсалжээ.
Цаазын ялыг Пхеньяны албан ёсны мэдээлэлд дурдаагүй ч БНАСАУ-ын шинжээчид ийм эрс арга хэмжээ авсан гэдэгт эргэлзэж байна.

Обама АНУ-ын уугуул биш

Барак Обама сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаа орхино. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж буй эхний хугацаанаас л АНУ-д төрөөгүй гэх мэдээлэл цацагдаж байв. Ялангуяа сөрөг хүчнийхэн кени гаралтай ардчилагч эрийг анхандаа Кенийн иргэншилтэй байсан гэж баталж байлаа.
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах эхний жилүүдэд америкчуудын 13 хувь нь төрсний гэрчилгээг нь үнэн гэдэгт эргэлзэж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Калифорнийн шүдний эмч Орли Тайц хүртэл бичиг баримтаа үзүүлэхийг шаардаж, шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Кишинев гаралтай энэ эмэгтэй Обамагийн анхны кампанит ажлын үеэр эфирээр "Обама бол радикал лалын шашинт, коммунист нөхөр” гэж мэдэгдэж байв.
Ингээд Обама төрсний гэрчилгээгээ гаргаж үзүүлсэн ч, Ерөнхийлөгч болсон ч төрсөн газрынх нь тухай асуудалтай үргэлж тулгарч байлаа.
Обамаг АНУ-д төрөөгүй тухай шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп ч дурдаж байсан удаатай. Гэхдээ 2011 оны хавар сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа дөнгөж цухуйлгаж байх үедээ төрсний гэрчилгээгээ бүрэн дэлгэж үзүүлэхийг шаардаж байжээ. Ардчилсан Ерөнхийлөгч үүнийг нь биелүүлсэн түүхтэй.

Трамп пакистан хүн

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ч цуу яриа, дуулиан шуугианд орж байжээ. Пакистаны "Neo News” суваг гурван долоо хоногийн өмнө Америкийн тэрбумтныг 1946 оны зургаадугаар сард Хойд Вазиристанд Дауд Ибрагим Хан нэртэйгээр төрсөн гэж мэдээлсэн байна. Тухайн үед Пакистан нь Британийн Энэтхэгийн нэг хэсэг байлаа. Түүнчлэн ирээдүйн барилгын магнат Нью-Йоркт хэрхэн ирснийг тайлбарлахдаа эцэг эх нь зам тээврийн ослоор өөд болсны дараа Энэтхэгийн офицер хүүг Их Британид өөр дээрээ авч өсгөж байгаад Америкийн хосод өргүүлсэн гэж мэдээлжээ.
Пакистаны телевизийн энэхүү мэдээлэл сүлжээнд цацагдаж, олон хүн дооглож байх зуур тус сувгийнхан бяцхан Трампын зургийг үзүүлжээ. Харин ажигч гярхай блогчид энэхүү гэрэл зургийг Афганистанд дөрвөн жилийн өмнө авсан болохыг тогтоосон байна.

ХДХВ-ын цустай гадил

ХДХВ-ын халдвартай цус шахсан гадилын тухай яриа Оросын Алс Дорнодоос гарч, олон нийтийн сүлжээнд жинхэнэ айдас төрүүлсэн гэхэд болно. Энэхүү цуу яриа Киргизэд ч өнгөрсөн оноос хойш хүчээ авч байгаа юм. Сүлжээг хэрэглэгчид гадилд тархсан улаан өнгийн мөөгийг цус хэмээн хүлээн авч байтал Африкаас ХДХВ-ын халдвартай цус шахсан гэдэг мэдээлэл тархаж эхэлжээ.
Олон нийтийн сүлжээнд тархсан энэхүү айдсыг намжаах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сард Киргизийн Эрүүл мэндийн яамны ажилтнууд судалгаа бүхий мэдээлэл цацсан боловч "энэхүү аймшигт мэдээ” олон нийтийн сүлжээгээр олон хэлээр одоо ч гэсэн тархсаар байна.
Хэрвээ улаан өнгийн гадил аймшигтай санагдвал ХДХВ-ын вирус гадна орчинд тэсвэргүй, хэдхэн минутын дотор үхдэг гэдгийг санахад л хангалттай.

Олон улсын сансрын станцаас шууд дамжуулсан нь

Хүнд гэм хоргүй ч хэдэн сая хэрэглэгчдийн анхаарлыг татсан нэгэн цуу мэдээлэл энэ оны аравдугаар сард испани, англи хэлтэй интернэтийн сайтуудаар гарчээ. Хэн нь мэдэгдэхгүй өөдрөг үзэлтнүүд НАСА-гийн нэрийн өмнөөс Олон улсын сансрын станцаас шууд задгай сансарт гарсан тухай шууд дамжуулан үзүүлжээ.
"Facebook”-ийн хэд хэдэн хуудсаар тархсан UNILAD, Viral USA, INTERESTINATE зэрэг кадрууд нь 2013 онд Оросын сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский нарын авсан зураглал болж таарав. Бичлэг дээрээс оросууд "Звезда” модулийн шатнаас барин "GoPro” камерыг туршиж байгаа нь харагдана. Сүүлд нь Америкийн сансрын агентлагаас энэхүү бичлэгтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн билээ.
Олон улсын сансрын станцаас шууд дамжуулсан бичлэгийг худал гэдгийг нь мэдэхээс өмнө хэрэглэгчид олон лайк дарсан гэдэг.

Эх сурвалж:


Санал болгох

Сэтгэгдэл

top