Монголын эрх баригчид ОХУ-аас 100 тэрбум рублийн (1.6 тэрбум ам.доллар) хөнгөлөлттэй зээлийн хүсэлт тавьжээ. Гэвч Оросын тал хүсэлтийг буцаасан байна.
Энэ сарын 13-нд Улаанбаатар хотод Монгол-Оросын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын 20 дугаар хурал болсон. Уг хурлын үеэр Монголын тал Оросоос дээрх зээлийг хүссэн гэж хойд хөршийн хэвлэлүүдэд бичжээ. Энэ тухай "The Moscow times” вэб сайтад бичсэн байна.
Оросын тал манай улсад зээл өгөхөөс татгалзсан нь юунд зарцуулах, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хэрхэн эргэн төлөлт хийх нь тодорхойгүй. Тэрчлэн Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тоо баримтууд тодорхой бус учраас буцаасан аж.
Мөн Оросын талд төлөх нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах зорилгоор ОХУ-ын төрийн мэдлийн VTB банкнаас 200 сая ам.долларын зээл хүссэн гэжээ.