|

Орхон аймагт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

zulaa 2017/01/19 1003 0

Орхон аймагт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

 

Орхон аймгийн анхны "сургууль, цэцэрлэгийн цогцолбор” ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  цөөн тооны цогцолборын нэг гэдгээрээ онцлогтой юм.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт байрлах цогцолборын барилгад 17-р сургууль, 22-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Даваат багт байрлах дээрх 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Урагшлах” компани гүйцэтгэсэн байна. Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн уг барилгыг 17-р сургууль хичээлийн 2-р байр болгон ашиглана. Өөрөөр хэлбэл, энэхүү цогцолборын барилгад тус сургуулийн 1-5-р ангийн 450 хүүхэд хичээллэх юм. Даваат багт сургуулийн өмнөх боловсролын насны 670 орчим хүүхэд оршин суудаг байна.

Орон нутгаас хотын төвөөс алслагдсан багуудад сургууль, цэцэрлэг байгуулахад чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлжээ. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэг, сургууль руу орох хаалга тусдаа. Энэ төрлийн барилгын стандартын дагуу дуу тусгаарлагч, өндөр хурдны интернет, урлагийн заал, хүүхэд хөгжлийн төвтэй. Түүнчлэн анги танхимын талбай том, цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр баригджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top