"Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ындарга, МАН-ындарга М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Батболд болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтад орж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.